Эх сурвалж: Цахим хуудас эрхлэгч Зээрднүүд овогт Төмөрбаярын Батбаяр (Гэр бүл сонирхон судлаач)
Монгол Улсын гавьяат багш Яргай овогт Цамбын Түвшинтөгс

Яагаад залуу гэр бүлд чухал вэ?

Монголын залуу гэр бүлийн нийгмийн өмнө хүлээсэн нэг том чухал журамт үүрэг бол нөхөн үржихүйн үүрэг хариуцлага юм. Нөхөн үржихүй нь эцэг, эхээ орлож нөхөөд түүнээс цаана нь илүү гарсан хүүхэдтэй байх ёстой гэсэн ойлголт юм. Өөрөөр хэлбэл гурав ба дөрөв, түүнээс олон хүүхэдтэй байж нөхөн үржихүйн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлнэ. Монголчууд нэг хүүхдийг “өрөөсөн”, хоёр хүүхдийг “тэгш”, гурван хүүхдийг “төгс”, дөрөв буюу түүнээс дээш хүүхдийг “төгс төгөлдөр” хэмээн ярьж иржээ. Энэ нь үр хүүхдийн талаар баримталж ирсэн зан суртахууны сайхан уламжлал юм.

Үүнээс үүдэн өнөөдөр нөхөн үржихүйн үүрэг хариуцлага, овог удмаа цэвэр ариун байлгах хүсэл эрмэлзэл, ургийн бичиг, удмын түүхээ зөв хөтлөх арга зүйг хамгийн түрүүнд анхаарах ёстой. Залуу хос хоёр талынхаа аав, ээж, өвөг эцэг, эмэг эхээс асуугаад элэнц, хуланцынхаа тухай үнэн зөв мэдээллийг цуглуулж, өөрсдийн намтар түүхээр баяжуулан, дараа үедээ үлдээж хэвшүүлэх нь чухал юм. Үүний үр дүнд яваандаа есөн үе дотроо бие биеэ сайн мэддэг овог, удам бий болох бөгөөд нөгөө талаар овог, удмаа ингэж хадгалж явахад монголчуудын тэр сайхан уламжлалт ёс заншил үе дамжиж өвлөгдөнө. Тухайлбал цагаан сар, ургийн баярыг дурдаж болно. Цагаан сараар ахмад настай хүмүүстэй золгож хүндэтгэл үзүүлснээр залуу үе нь удам угсаагаа мэдэх, тэднийг тойрч бие биеэ мэдэлцэх нь чухал зүйл юм. Үүнтэй адилаар сүүлийн үед ургийн баяр цугларалтыг хийдэг уламжлал тогтоод байна. Ингэж хаана хаанаа сайн анхаарч байгаагийн үр дүнд ургийн бичиг, удмын түүхээ хөтлөх нь түгэн дэлгэрч тухайн овог удам, тэдгээрийн залуу гэр бүлд үзүүлэх нөлөө сургамж арвижих юм.

Жишээлбэл: Төрмөнх, Баярмаа гэдэг хоёр залуу нийлж, шинэ гэр бүл үүсэглээ гэж бодвол Төрмөнхийнх гэдэг айлын үүрэг хариуцлага төрөөр баталгаажиж, Монгол улсын нэгэн өрх албан ёсоор насан туршийн бодлого, үйл амьдралаа хариуцсан шиг хариуцана гэсэн үг. Тэрхүү төрөөр баталгаажсан өрхийг “Вант улс” гэж авч үзвэл энэ улсын төрийн тэргүүнээр Төрмөнх насан туршдаа, Засгийн газрын тэргүүнээр Баярмаа насан туршдаа томилогдож байгаа нь тэр юм. Тэгэхээр ард түмэн, төрөл садан, овог удмынхан нь Төрмөнхийг бол “Төрийн хархүн”, Баярмааг “Галын бурхан” гэж хүндэлдэг. Баярмаа нь “Галын бурхан”-ы хувьд бол Төрмөнхийн овог, удмыг ариун нандинаар авч явах том хариуцлагыг үүрнэ, Төрмөнхийн хувьд энэ “Шинэ улс”-ын хувь заяа, хөгжил, ирээдүйн мандал бардал цэцэглэлтийг холч мэргэн бодлогоор удирдана.

Эдгээр нийгмийн олон үүрэг хариуцлагын дотроос хамгийн чухал нь нөхөн үржихүйн үүрэг хариуцлага юм. Хоёр хүн юуны тулд ханилдаг вэ гэхээр үр хүүхэдтэй болж, овог, удмаа найдвартай залгамжлахыг хүсдэг. Энэхүү нөхөн үржихүйн үүрэг хариуцлага нь цаад утгаараа Монгол улсын үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа болдог. Энэ үүргээ хэрэгжүүлэхэд хүний чанарыг онцгой анхаарах нь чухал юм. Залуу хос гэр бүлийн бүх амьдралыг төлөвлөхдөө хэзээ үр хүүхэдтэй болох, түүний тулд биеэ эрүүл чийрэг байлгах, сэтгэл санаагаа амгалан тайван болгох, ахуй амьдралаа тохилог төвхнүүлэхэд анхаарах, тэр ч байтугай хэдэн хүү, хэдэн охинтой болохоо хүртэл төлөвлөх боломжтой, тийм боловсрол мэдлэгтэй байх шаардлагатай болчихлоо. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн багш доктор, профессор, генетикч И.Пүрэвдорж гуайн “Та хүүтэй болох гэж байна уу, охинтой болох гэж байна уу” номыг наад зах нь уншиж болно. Нөгөө талаар Монголын ард түмний эрдэм мэдлэгийн санд өчнөөн олон сайхан өв, уламжлалч байна.

Тухайлбал: Монголчууд эрт дээр үеэс аянгатай, бороотой, салхитай, шуургатай байгаль хуйсгануур үед энгэр битгий зөрүүл, сарны туяанд болон уй гашуутай цагт эсвэл хээр гадаа яаран сандран энгэр битгий зөрүүл гэж ярьж ирсэн байдаг. Ийм үед ураг бий болчихвол тэр нь бие махбод, сэтгэл санаанын хувьд эмзэг хүн бий болно гэж үздэг байжээ. Монголчуудын баримталж ирсэн энэ сайхан ёс заншил, ардын мэдлэг нь өнөөдөр шинжлэх ухааны онолоор батлагдаж байна.