Эх сурвалж: Ч.Арьяасүрэн, Х.Нямбуу - "Монгол ёс заншлын их тайлбар толь" номноос

Ураг төрлийн нэрийн зүйл

Монголчууд ураг төрлийн хэлхээ холбоог хүний эш, ураг удам гэж хоёр ай бүлэг болгож эшинд эрэгтэйн, ураг удамд эмэгтэйн талыг хамааруулан хэлэлцдэг журам заншилтай билээ. Энд толилуулан бүхий ураг төрлийн нэр томъёоны зүйлийг хүний эшийн нэр, уг нэрсийн гарал үүслийн тухай тайлбар болгон хавсаргав.

Монголчууд “удам угсаагаа мэдэхгүй хүн ойд төөрсөн бич лугаа адил” хэмээн ярьдаг бөгөөд нөгөө талаас хүн бүр өөрийн уг үндэс, ураг төрлөө сайтар мэдэн, үр залгамждаа учир түүхийг нь зөв ухааруулдаг уламжлалтай билээ.

Манай ардын заншлаар хүний ураг нь ясан төрөл, цусан төрөл, махан төрөл гэж ялгагддаг бөгөөд эцгийн талыг “ясан”, эхийн талыг “цусан”, үр хүүхдээ “махан” төрөлд хамааруулдаг. “Ясан” төрлийн гол зангилгаа нь эцэг, “цусан” төрлийнх эх юм. Ясан төрлийн хажуу шугам авга, цусан төрлийнх нагац болно.

Төрөл. Эцгийн талын нэг овог угсааны ясан төрлийнхөн болно.
Садан. Эхийн талын нагац нар болон авга эгч нар хүргэд ба тэдний хүүхэд багтана.
Сүлбээ. Холын садан. Дам садан ч гэдэг. Эцэг эхийн төрөл садангаас холдуу өөр овгийн хамаатан болно. Худ, худгай гэж бэр богтлон авч, охиноо буулган өгсөн хоёр талынхан бие биендээ худ ураг бололцоно.