Эх сурвалж: Ч.Арьяасүрэн, Х.Нямбуу - "Монгол ёс заншлын их тайлбар толь" номноос

Ураг төрлийн нэрийн зүйл

Эцгийн талын төрлийг дуудах нь

 

  • Эцэг - Өөрийг төрүүлсэн хоёр ачтаны эрэгтэйг эцэг гэнэ. Мөн аав ч гэдэг.
  • Хадам эцэг - Эхнэр, нөхөр хоёрын эцэг нь хоёр хосод харилцан хадам эцэг болно.
  • Хойд эцэг - Эцгийн дараа эхтэй нь ханилсан нөхөр.
  • Өргөсөн эцэг - Бас тэжээсэн эцэг гэдэг. Биеийг гэртээ өргөн авч үрчлээд өөрийн хүү (охин)-гээ болгосон эрэгтэйг өргөсөн эцэг буюу тэжээсэн эцэг гэнэ.
  • Хөхөлт эцэг - Хөхүүлсэн эхтэй адил.
  • Мөргүүлсэн эцэг - Бэр буулгахад хүүхний үсийг хагалсан ивээл жилтэй эмэгтэйн нөхрийг хэлнэ.
  • Хуурай эцэг - Бас шургуулсан эцэг ч гэдэг. Ямар нэгэн шалтгаанаар хүүхэд тогтохгүйгээс олон хүүхэдтэй хүний хормой доор шургуулах, түшиж тулах хүнгүй (хөрөнгөгүй) буюу ядуучууд халуун элэгтэнг олж түших, зорьсон хүслийг биелүүлэхийн төлөө баян, ноён хүнийг түших зэрэг бусад овог угсааны хүнд хадаг талбин мөргөж эцэг болгосныг хуурай эцэг гэнэ. Хуурай эцгийн гэргийг хуурай эх гэнэ.