Эх сурвалж: Ч.Арьяасүрэн, Х.Нямбуу - "Монгол ёс заншлын их тайлбар толь" номноос

Ураг төрлийн нэрийн зүйл

Элэнц өвөг, элэнц эмгийн төрлийг дуудах нь

 

  • Элэнц өвөг - Эцгийн өвгийг элэнц өвөг гэнэ. Элэнц хэмээх үгтэй эцэг гэдэг нэр нийлж элэнцэг хэмээх үг үүсжээ. Эл хан Өлзийтийн 1305 оны бичигт элэнцэг гэж буй. Мөн XIV зууны эхэн үед зохиогдсон судрын чуулганд “элэнцэг” гэж бичжээ. Ойр үеэс хүмүүс элэнцээ үзэх нь ховордсоноор элэнцээс дээших үе дуудлага (хадам элэнц өвөг, хойт элэнц өвөг, өргөлт элэнц өвөг ... гэх мэт) нь ч цөөхөн дурдагдах болжээ. Гэвч энэхүү үе дуудлага нь нэгэнт өндөр өвөг хүртэл тогтож хэвшжээ. Үүнийг мэдсэний суурь дээр бид тэр бүхнийг бичихгүй, гагцхүү махан төрлөө гол болгож, өвөг дээдэс хүртэл доор танилцуулъя.
  • Хуланц өвөг - Өвгийн өвгийг хуланц өвөг гэнэ. Өөрөөр хэлбэл хуланц элэнцгийн эцэг, биеийн дөрөвдэх дээд үе. Үг хураагдах ёсны дагуу хулан, эцэг гэдэг хоёр үг хоршин нийлж хуланцаг хэмээх нэр үүсчээ. Бичигт гол төлөв хуланц хэмээн тэмдэглэгдэж, ам ярианд хуланцаг хэмээх боловч Хувилай хааны үед зохиогдож VI зууны үед Ордосын хутагтай сэцэн хун тайжийн засварлан уламжилсан “Дөрвөн төрийн арван буянт номын цагаан түүхэнд”: “хуланцэг” гэж бичжээ.
  • Элэн өвөг - Элэнц өвгийн өвгийг элэн өвөг гэнэ.
  • Хулан өвөг - Хуланц өвгийн өвгийг хулан өвөг гэнэ.
  • Холбоо өвөг - Элэн өвгийн өвгийг хэлнэ.
  • Өндөр өвөг - Хулан өвгийн өвгийг хэлнэ.
  • Өвөг дээдэс - Яс махны төрөл угсааг үүсгэсэн дээд үеийн хүнийг хэлнэ.


  • Элэнц эмэг - Эцгийн эмгийг элэнц эмэг гэнэ. Элэнцгийн эх, өөрөөс дөрөв дэх дээд үе.
  • Хуланц эмэг - Өвгийн эмгийг хуланц эмэг гэнэ.
  • Элэн эмэг - Элэнц өвгийн эмгийг элэн эмэг гэнэ.
  • Хулан эмэг - Хуланц өвгийн эмгийг хулан эмэг гэнэ.
  • Холбоо (холбуга) эмэг - Элэн өвгийн эмгийг хэлнэ.
  • Өвөг эмэг - Хулан өвгийн эмэгийг хэлнэ.
  • Өвөг дээдэс - Яс махны төрөл угсааг үүсгэсэн дээд үеийн хүнийг хэлнэ.