Эх сурвалж: Ч.Арьяасүрэн, Х.Нямбуу - "Монгол ёс заншлын их тайлбар толь" номноос

Ураг төрлийн нэрийн зүйл

Биеэс дооших үеийн төрлийн хоорондох дуудлага

 

  • Бие - Өөрийг зааж буй. Дээш, доош арван есөн үеийн дундахь үе.
  • Бэр - Өөртэй хууль ёсоор гэрлэсэн бусад овгийн эмэгтэйг бэр гэнэ. Бэр гэдэг үгэнд өөрт буулгасан эмэгтэй гэсэн гол утга байхаас гадна бас өөрөөс дооших олон үеийн хууль ёсоор хуримлаж авчирсан өөр овгийн охидыг заасан бас нэг утга бий. Жишээлбэл: бэр, дүү бэр, хүү бэр, жилийхүй бэр, талийхүй бэр гэх мэт.
  • Хүү - Өөрөөс төрсөн хүүхдийн эрэгтэйг хүү гэх, эмэгтэйг нь охин гэнэ.
  • Хүү бэр - Хүүд хууль ёсоор хуримлаж авсан бусад овгийн эмэгтэйг хүү бэр гэнэ.
  • Ач хүү - Бас омбол гэдэг. Хүүгийн хүүг ач хүү гэнэ. Очи (ач) гэдэгт гал голомтыг сахин сэргээх гэсэн утгатай. Бэр (ач бэр) очи хүүд хууль ёсоор хуримлаж буулгасан бусад овгийн эмэгтэйг очи (омбол) бэр гэнэ.
  • Жич хүү - Бас томбол гэдэг. Очи хүүгийн хүүг жич (томбол) хүү гэнэ.
  • Жич бэр - Жич хүүд хууль ёсоор хуримласан бусад овгийн эмэгтэйг жич (томбол) бэр гэнэ.
  • Гуч хүү - Жич хүүгийн хүүг гуч хүү гэнэ.
  • Гуч бэр - Гуч хүүд хууль ёсоор хуримлан буулгасан бусад овгийн эмэгтэйг гуч бэр гэнэ.
  • Жичинцэр хүү - Гучаас төрсөн хүүг жичинцэр хүү гэнэ.
  • Жичинцэр бэр - Жичинцэр хүүд хууль ёсоор хуримлан буулгасан бусад овгийн эмэгтэйг жичинцэр бэр гэнэ.
  • Гучинцар хүү - Жичинцэр хүү бэрээс төрсөн хүүг гучинцар хүү гэнэ.
  • Гучинцар бэр - Гучинцар хүүд хууль ёсоор хуримлан буулгасан бусад овгийн эмэгтэйг гучинцар бэр гэнэ.
  • Жихүй хүү - Гучинцар хүү бэрээс төрсөн хүүг жихүй хүү гэнэ.
  • Жихүй бэр - Жихүй хүүд хууль ёсоор хуримлан буулгасан бусад овгийн эмэгтэйг жихүй бэр гэнэ.
  • Жилийхүй хүү - Жихүй хүү бэрээс төрсөн хүүг жилийхүй хүү гэнэ.
  • Жилийхүй бэр - Жилийхүй хүүд хууль ёсоор хуримлан буулгасан бусад овгийн эмэгтэйг жилийхүй бэр гэнэ.
  • Талийхуй хүү - Жилийхүй хүүгээс төрсөн хүүг талийхуй хүү гэнэ.
  • Талийхуй бэр - Талийхуй хүүд хууль ёсоор хуримлан буулгасан бусад овгийн эмэгтэйг талийхуй бэр гэнэ.