Эх сурвалж: Ч.Арьяасүрэн, Х.Нямбуу - "Монгол ёс заншлын их тайлбар толь" номноос

Ураг төрлийн нэрийн зүйл

Биеэс хөндлөн үеийн төрлийн хоорондох дуудлага

 

  • Бие - Өөрийг зааж буй. Дээш, доош арван есөн үеийн дундахь үе.
  • Ах - Нэг эхээс төрсөн (эсвэл эцэг нэгтэй эх өөр буюу эх нэгтэй эцэг өөр) биеэс насаар их эрэгтэйг ах гэнэ.
  • Төрсөн ах - Нэг эцэг эхээс төрсөн биеэс насаар их эрэгтэйг төрсөн ах гэнэ. Энэхүү гол төрлийн ах дүүгээс гадна бас олон ах дүү бий. Хадам ах, гэрийн ах, журмын ах, цусаа ууж андгайлсан өөр овгийн анд гэх мэт.
  • Энгийн ах - Айл аймаг, танил дасал болсон өөрөөс насаар их эрэгтэйг хэлнэ.
  • Бэргэн - Ахын гэргийг хэлнэ. Ахын бүсгүй гэсэн гол утгатай бөгөөд нөгөө талаас өөрий биеэс дээших бусад овгоос буулган авсан эмэгтэйчүүдийн нийт дундын дуудлага. Жишээлбэл: бэргэн, авга бэргэн, авга бэргэн эх, аваг эх гэж дууддаг.
  • Авга - Эцэгтэй хэвэл нэгтэн ах дүү болно. Эцэгтэй нэг эхээс төрсөн ах дүү үеийнхэн гэсэн гол утгатай бөгөөд эцгээс насаар ихийг нь их авга, насаар багыг нь бага авга гэнэ. Хэрвээ хэд хэдэн их буюу бага авгатай бол тэд нарыг хооронд нь бие байдал, зүс өнгө, зан ааль зэргээр ялган дууддаг. Жишээлбэл: гуравдугаар бага авга, өндөр авга, ширэн авга, намхан авга гэх мэт.
  • Авга бэргэн - Авгын эхнэрийг хэлнэ.
  • Авга эгч - Эцэгтэй эх нэгтэй эмэгтэйг авга эгч гэнэ.
  • Авга хүргэн ах - Авга эгчтэй хууль ёсоор хуримласан эрэгтэй хүн буюу аавын үеийн хүнийг хэлнэ.
  • Авга эцэг - Өвөөгийн төрсөн ах дүү болон эцгийн төрлийн ахмад хүнийг хэлнэ.
  • Авга эх - Авга эцгийн гэргийг хэлнэ.
  • Авга өвөг - Элэнц өвгийн төрсөн ах дүүс болно.
  • Авга эмэг - Авга өвгийн гэргийг хэлнэ.
  • Авга элэнц өвөг - Хуланц өвгийн төрсөн ах дүүс.
  • Авга элэнц эмэг - Авга элэнц өвгийн гэргийг хэлнэ.
  • Авга хуланц өвөг - Элэн өвгийн төрсөн ах дүүс. Авгаас дөрвөн үе дээр болно.
  • Авга хуланц эмэг - Авга хуланц өвгийн гэргийг хэлнэ.
  • Авга элэн өвөг - Хулан өвгийн төрсөн ах дүүс бөгөөд авгаас таван үе дээр болно.
  • Авга элэн эмэг - Авга элэн өвгийн гэргийг хэлнэ.
  • Авга хулан өвөг - Холбоо өвгийн төрсөн ах дүүс бөгөөд авгаас зургаан үе дээр болно.
  • Авга хулан эмэг - Авга хулан өвгийн гэргийг хэлнэ.
  • Авга холбоо өвөг - Өндөр өвгийн төрсөн ах дүүс бөгөөд авгаас долоон үе дээр болно.
  • Авга холбоо эмэг - Авга холбоо өвгийн гэргийг хэлнэ.
  • Авга өндөр өвөг - Уг дээдэстэй төрсөн ах дүү бололцох бөгөөд авгаас найман үе дээр болно.
  • Авга өндөр эмэг - Авга өндөр өвгийн гэргийг хэлэх бөгөөд авгаас найман үе дээр болно.