Эх сурвалж: Ч.Арьяасүрэн, Х.Нямбуу - "Монгол ёс заншлын их тайлбар толь" номноос

Ураг төрлийн нэрийн зүйл

Эхийн талын төрлийн хоорондох дуудлага

 

  • Нагац - Эхтэй хүй нэгтэй хүнийг хэлнэ. Мөн авгатай адил эхийн талын дээд нэгэн үеийг заасан нэрийдэл бөгөөд эцгээс насаар ихийг нь их нагац, насаар багыг нь бага нагац гэнэ. Хэрвээ хэд хэдэн их буюу бага нагацтай бол тэд нарыг хооронд нь бие байдал, зүс өнгө, зан ааль зэргээр ялган дуудна.
  • Нагац бэргэн - Нагацтай хууль ёсоор хуримлан суусан хүн бөгөөд эхийн бэргэн болно.
  • Нагац аав - Эхийн эцгийг хэлнэ.
  • Нагац эх - Эхийн эхийг хэлнэ.
  • Нагац өвөг - Эхийн өвгийг хэлнэ.
  • Нагац эмэг - Эхийн эмэг эхийг хэлнэ.
  • Нагац эгч - Эхийн эгч буюу охин дүүг хэлнэ.
  • Нагац хүргэн ах - Нагац эгчийн нөхөр буюу эхийн дүү хүргэн.
  • Дүү - Эх нэгтэй буюу биеэс насаар бага хүнийг дүү гэнэ.
  • Төрсөн дүү - Эцэг эх нэгтэй буюу эсвэл эцэг нэгтэй эх өөртэй өөрөөс насаар бага хүнийг төрсөн дүү гэнэ.
  • Дүү бэр - Эх нэгтэй эрэгтэй дүүгийн хуримлан буулгасан бусад овгийн эмэгтэйг хэлнэ.
  • Үеэл ах - Өвөг нэгтэй ах дүү буюу ах дүү хоёрын хүүхэд хоорондоо үеэл ах дүү болно.
  • Үеэл бэргэд - Үеэл хүүхэдтэй гэрлэсэн бусад овгийн эмэгтэйг хэлнэ.
  • Хаяал ах дүү - Элэнц нэгтэй ах дүү буюу үеэл ах дүүгийн хүүхдүүд хоорондоо хаяал ах дүү бололцоно.
  • Хаяал бэргэд - Хаяал хөвгүүдэд хууль ёсоор хуримласан бусад овгийн эмэгтэйчүүдийг хэлнэ.
  • Үе ах дүү - Хуланц нэгтэй ах дүүс буюу хаяал ах дүүгийн хүүхдүүд хоорондоо үе ах дүүс бололцоно.
  • Үе бэргэд - Үе хөвгүүдтэй хууль ёсоор гэрлэсэн бусад овгийн эмэгтэйчүүдийг хэлнэ.
  • Хая ах дүү - Элэн өвөг нэгтэй ах дүү буюу үе ах дүүгийн хүүхдүүд хоорондоо хая ах дүү бололцоно.
  • Хая бэргэд - Хая хөвгүүдтэй хууль ёсоор гэрлэсэн бусад овгийн эмэгтэйчүүдийг хэлнэ.
  • Үенцэр ах дүү - Хулан өвөг нэгтэй ах дүү буюу хая ах дүүгийн хүүхдүүд хоорондоо үенцэр ах дүү бололцоно.
  • Үенцэр бэргэд - Үенцэр хөвгүүдтэй хууль ёсоор гэрлэсэн бусад овгийн эмэгтэйчүүдийг хэлнэ.
  • Хаянцар ах дүү - Холбоо өвөг нэгтэй ах дүү буюу үенцэр ах дүүгийн хүүхдүүд хоорондоо хаянцар ах дүү бололцоно.
  • Хаянцар бэргэд - Хаянцар хөвгүүдтэй хууль ёсоор гэрлэсэн бусад овгийн эмэгтэйчүүдийг хэлнэ.
  • Төрлийн ах дүү - Өндөр өвөг нэгтэй ах дүү буюу хаянцар ах дүүгийн хүүхдүүд хоорондоо төрлийн ах дүү бололцоно.
  • Төрлийн бэргэд - Төрлийн хөвгүүдтэй хууль ёсоор гэрлэсэн бусад овгийн эмэгтэйчүүдийг хэлнэ.
  • Аймгийн ах дүү - Уг дээдэс нэгтэй ах дүүс буюу төрлийн ах дүү нарын хүүхдүүд хоорондоо аймгийн ах дүү бололцоно.
  • Аймгийн бэргэд - Аймгийн хүүхдүүдтэй хууль ёсоор гэрлэсэн бусад овгийн эмэгтэйчүүдийг хэлэх бөгөөд хол төрлийн бэргэд болно.