Эх сурвалж: Ч.Арьяасүрэн, Х.Нямбуу - "Монгол ёс заншлын их тайлбар толь" номноос

Ураг төрлийн нэрийн зүйл

Биеэс доор нэг үеийн хүүхэд хоорондох дуудлага

 

  • Үеэл ах дүү - Ах дүү хоёрын хүүхэд хоорондоо үеэл ах дүү (эгч, охин дүү) гэж дуудалцана. Овог нэгтэн.
  • Бүл ах дүү - Эгч, охин дүү хоёрын хүүхэд хоорондоо бүл ах дүү (эгч, охин дүү) гэж дуудалцана. Бусад овогтон.
  • Нага (дагар) - Ах, охин дүү буюу эсвэл эгч, хүү дүү хоёрын хүүхэд хоорондоо нага ах дүү гэж дуудалцана. Нага гэдэг нь нэг үеийн хүүхэд хоорондоо дуудалцсан ижил үеэ үзүүлсэн дуудлага байлаа. Хожим энэ үг нь нагац гэдэг үгтэй хутгалдаад яваандаа нагац гэдэг үгийг орлож нага аав, нага ээж гэж дуудсаар сунжирчээ. Монгол дуудлагаар ёсчлон дуудвал энэ хоёр үгийг ялгааг мэдэж болно. Монголын төрөл угсааны дуудлага “авга, нага” гэдэг хоёр үг нэг үеийг заадаг. Жишээлбэл: эхийн ах, бэргэн буюу дүү, дүү бэр өөрт нагац ах, нагац бэргэн гэж дуудагдана. Энэ нь нагац гэдэг үгийн дээр нэг үеийг зааж буй. Гэтэл нага гэдэг нь тэрхүү нэгэн үеийг зааж үл чадна. Дагар гэдэг үг нь дагурчуудын хүү, зээ, ах дүүгээ харилцан дуудах дуудлага. Мөн тэр хавийн зарим монголчууд бас ингэж дуудалцдаг. Гэвч энэ нь тун бага юм. Бүл гэдэг нь эгч, охин дүү хоёрын хүүхэд хоорондоо харилцан дуудалцдаг дуудлага.
  • Наганцар (нагын хүүхэд) - Бие ба эгч (охин дүү) нарын хоёрдугаар үеийн хүүхэд, мөн нага ах дүүгийн хүүхэд хоорондоо нагац ах дүүс болно.
  • Бүлэнцэр - Бие, бүлийн хүүхдүүдийг бүлэнцэр гэж дуудах ба бүл ах дүүс хоорондоо бүлэнцэр ах дүү болно.
  • Ач - Ах буюу эрэгтэй дүүгийн хүүхэд өөрт ач хүү болно. Энэ үг нь удам угсааны ач салаа үе гарал гэсэн утгатай.
  • Ач бэр - Ач хүүтэй гэрлэсэн өөр овгийн эмэгтэйг хэлнэ.
  • Ачинцар - Ач хүүгийн хүү, өөрийн ахын ач хүү.
  • Ачинцар бэр - Ачинцар хүүтэй гэрлэсэн бэр.
  • Зээ - Эгч ба охин дүүгийн хүүхэд, өөрт зээ болно.
  • Зээ бэр - Зээ хүүд ёслож буулгасан бэр.
  • Зээнцэр - Зээ хүүгийн хүү, өөрийн эгч буюу охин дүүгийн хүү болно.