Эх сурвалж: Цахим хуудас эрхлэгч Зээрднүүд овогт Төмөрбаярын Батбаяр (Гэр бүл сонирхон судлаач)

Хэрхэн хөтлөх, хэрхэн мэдээлэл цуглуулах

Ургийн бичиг, удмын түүхээ хөтөлхөд анхаарах зайлшгүй нэг асуудал нь эцэг эх, өвөг дээдсийнхээ удмын мэдээллийг аль болох дэлэгрэнгүйгээр цуглуулж авах явдал юм. Ингэхдээ та өөрийн мэдэх өвөг дээдсээсээ наашлаад өөрийн төрүүлсэн хүүхэд хүртэлх ясан болон цусан төрөлд хамаарах төрөл, садангийн хүмүүсийн мэдээллийг тус бүрийн онцлогоор нь баттай мэдээлэл, эх сурвалжуудын хамт бичиж, тэмдэглэн авах нь зүйтэй. Мэдээллийг аль болох эх сурвалжид тулгуурлан цуглуулах нь удмын түүхэнд эндүү ташаа мэдээлэл орхоос сэргийлэх юм. Удмын түүхээ хэр сайн цуглуулж чадна тэр хэрээр таны удмын түүх цаашид баяжигдаж, өргөжих бөгөөд нөгөө талаар ургийн бичгээ хөтөлхөд таньд хялбар байж, сайн хөтлөгдсөн ургийн бичгийг хойч үедээ залгамжлуулан үлдээж чадна.

Удмын түүхийн мэдээллийг "Угийн бичиг хөтлөх журам"-ын хавсралтын 3 дахь хэсгийг үндэслэн цуглуулах нь зүйтэй юм.

Алхам 1 - Удмын түүхийн мэдээллээ хэрхэн цуглуулах



Мэдээлэл цуглуулах өөр нэг суваг нь Үндэсний төв архивын газар юм.
Үндэсний архивын газарт тайж, ноёдын угсаатай холбогдолтой бичиг баримтууд, мөн хүн амын тооллогын баримтууд хадаглагдаж байдаг. Энэ хоёр төрлийн материалаас та өөрийн удмын хүмүүсийнхээ мэдээллийг цуглуулснаар ургийн бичиг, удмын түүхээ бичих нэгэн аргыг олж авна. Аливаа нэгэн ноён хүн нас бархад, зэрэг хэргэмийг нь залгуулахдаа тухайн ноёныг гурван хүүтэй гэж үзвэл аль хүү нь эрүүл саруул, амид сэрүүн байна, хаана суурьшиж байгаа зэрэг мэдээллийг нь угийн бичгээр нь мөрдөж тогтоон олдог байжээ. Ийм учраас тайж, ноён хүмүүсийн угийн бичиг тэмдэглэгдэж үлдсэн байдаг. Энэ төрлийн бичиг баримтууд үндэсний төв архивын газарт хадаглагдаж байгаа боловч зарим тайж, ноёдын угсааны бичиг байхгүй байх тохиолдол байдаг. Харин жирийн халх хүний угийн бичгийн тэмдэглэл байдаггүй бөгөөд тухайн хүнтэй холбогдолтой, түүний гэр бүлийн гишүүдийн нэрс зэрэг мэдээллийг хүн амын тооллогын баримтуудаас авах боломжтой юм. Үндэсний төв архивын сан хөмрөгт 1918, 1921-1929, 1933, 1944, 1947, 1956, 2000 оны Монгол улсын хүн амын тооллогын баримт хадгалагдаж байна.

Иргэдийн ураг төрлийн холбогдолтой лавлагаанд ургийн овог, эцэг, эх, нэр, ам бүл, төрөл садан, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяалал, намтар түүх зэрэгтэй холбогдох мэдээллүүд хамаарагдана. Ураг төрлийн холбогдолтой лавлагааг угийн бичиг, гэрийн үеийн бичиг, хүн амын болон эд хөрөнгийн тооллогын бүртгэл, тухайн иргэний намтар түүхтэй холбогдох бусад баримтыг үндэслэн гаргадаг байна.

Алхам 2 - Маягт болон програм хангамж ашиглаж ургийн бичгээ хөтлөх, бүртгэх

Та дээрхийн адилаар удмынхаа мэдээллийг цуглуулсны дараагаар бидний гарагсан маягтыг ашиглаж ургийн бичгээ хөтлөх, түүнийгээ програм хангамж ашиглаж бүртгэх алхамыг бид удахгүй энэ хэсэгт байршуулах болно.