Ургийн бичиг хөтлөх эрх зүйн акт

Эх сурвалж: www.legalinfo.mn

Төрийн сүлд
Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 17 дугаар тогтоолын хавсралт

УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХ ЖУРАМ

НЭГ. Нийтлэг үндэслэл

1. Монгол Улсын иргэдэд "Монгол Улсын Соёлын тухай хууль"-иар хүлээлгэсэн "… удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх… " журамт үүргийг биелүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.

2. Угийн бичгийг хөтлөхтэй холбогдсон зөвлөмж, лавлах, аргачиллыг Гэгээрлийн болон Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас холбогдох байгууллагуудтай хамтран гаргана.

3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга энэхүү журмыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулна.

4. Баг, хорооны Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн нийт өрхийн хэмжээнд угийн бичиг хөтлүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэнэ.

5. Угийн бичгийг иргэний бичиг баримттай адилтган үзэж, түүнийг зохих журам, зааврын дагуу бүртгэж, баяжуулж, хадгалж, шилжүүлэг хийж байна.


ХОЁР. Овог хэрэглэх

6. Монгол Улсын иргэн бүхэн өөрийн овогтой байна.

7. Овгийг эцгийн шугам буюу ясан төрлийг баримтлан үе уламжлан хэрэглэнэ.

8. Өвөг дээдсээсээ уламжлан ирсэн эцгийн овгийг мэддэг хүмүүс түүнийгээ шууд хэрэглэнэ.

9. Өөрийн овгийг мэддэггүй болон бутач, бусдад үрчлэгдсэн хүн эхийн овгийг хэрэглэж болно.

10. Эцэг, эхийнхээ овгийг мэддэггүй хүн дор дурдсаны дагуу овгоо тогтоож хэрэглэнэ:

  a/ өөрийн сум, аймгийн болон бусад газрын архивт хадгалагдаж буй нутгийн хүн амын бүртгэл, угийн бичиг, хүмүүсийн намтар зэрэг холбогдох баримтуудыг судлах;
  б/ уугуул нутагт нь хэрэглэдэг овгийн талаар "Овгийн товч лавлах"-аас олж тодруулах, тэдгээрээс чухам аль нь өөрийн өвөг, дээдсийн болон эцэг, эхийн овог болохыг нутгийн ахмад настнууд, сайн мэдэх хүмүүсээс лавлах;
  в/ хэрэв энэ журмын 10-ын "а" , "б"-д заасны дагуу овгоо тогтоох боломжгүй бол өөрийн уугуул нутагт байдаг овгоос аль нэгийг үзэмжээрээ сонгон авах.

11. Энэ журмын 10-ын "а", "б", "в"-д заасанчлан овгоо олж хэрэглэх боломжгүй буюу тэдгээр нь өөрт нь таалагдахгүй тохиолдолд дор заасныг үндэслэн зохиомол овог шинээр үүсгэн хэрэглэж болно.

  а/ тухайн удмынхны голлон эрхэлж ирсэн аж ахуй, онгон шүтээн, тамга, эрхэлдэг ажил үйл, бусдаас ялгагдах өвөрмөц онцлогийг тусгасан нэртэй овог үүсгэх / жишээлбэл: Ямаат Болдын Бат, Анчин Сумъяагийн Энхтуяа гэх мэт/;
  б/ төрөл садны холбоотой хүмүүс нутаг хошуундаа тэднийхэн, эднийхэн хэмээн олны дунд нэрлэгдэн хэвшсэн болон олонд нэгэнт алдаршсан цол, хэргэм зэргээ овог болгох;
  в/ өөрөө болон өвөг дээдэс нь олон үе нутаглаж ирсэн уугуул газар, уул, усны нэрийг овог болгох /жишээлбэл: Булнайн Доржийн Жав, Сутай Лувсандоржийн Баатархүү, Мэнэн Дашдоржийн Мөнхцэцэг гэх мэт/;
  г/ монголд ястан, үндэстний гаралтай овог багагүй байдаг уламжлалын дагуу шинээр овог үүсгэх.

12. Зохиомол шинэ овог үүсгэх, эсвэл тухайн нутагт байгаа өөрт таашаагдсан овгийг сонгон авах нөхцөлд төрөл садны холбоотой бүх хүн заавал нэгдмэл нэг овог хэрэглэнэ.

13. Хадамд гарсан эмэгтэй уламжлал ёсоор өөрийн овгийг хэрэглэнэ.

14. Бутач, өргөмөл, хойт эцэгтэй хүүхдийг төрүүлсэн эцгийнх нь буюу эхийнх нь овгоор овоглоно.

15. Нийт иргэд овог хэрэглэсэнтэй холбогдуулан иргэний паспорт, гадаад паспорт, төрсний гэрчилгээ, гэр бүлийн бүртгэл, улсын хэмжээний хүн амын тооллого, бүртгэлийн маягт зэрэг баримт бичигт гурван нэр / овог, эцгийн нэр, өөрийн нэр/-ийг хэрэглэнэ.


ГУРАВ. Угийн бичиг хөтлөх

16. Монгол Улсын өрх бүр угийн бичиг хөтөлнө.

17. Угийн бичигт тухайн хүний мэдэх өвөг дээдсээсээ эхлэн өөрийн хүүхэд хүртэлх ясан болон цусан төрлийн ураг садан хүмүүсийг тус бүрээр нь тодорхойлон бичнэ.

18. Угийн бичигт дараахь зүйлийг тусгасан байна:

  а/ ямар аймаг, ястны аль овгийн хэний угийн бичиг болох тухай гарчиг;
  б/ аль аймаг, ямар овгийн хэний хэддүгээр хүү / охин/, хэн болох;
  в/ төрсөн тухайгаа билгийн тоолол /жаран; жил, жилийн махбод; жилийн мэнгэ; өдөр, өдрийн махбод; одны орд; өдрийн од; гариг; цаг /-оор гаргаж аргын тоололтой хавсарган бичих;
  г/ төрсөн аймаг, сум / хошуу/ , газрын нэр;
  д/ эцэг болон эхийн хэдэн насан дээр төрсөн болох;
  е/ үндсэн захиргаа;
  ж/ үрчлэгдсэн бол төрүүлсэн эцэг, эх нь ямар овгийн хүн болох, хэн хэдэн настайд нь өргөж авсан;
  з/ ямар ястны аль овгийн хэнтэй хэдийд гэрлэж хүү, охин хэн, хэнийг төрүүлсэн;
  и/ ямар ажил үйл эрхэлж явсан, ямар зэрэг, хэргэм, алдар цол, шагнал хүртсэн;
  к/ онцлог зан чанар, гоц авъяас чадвар;
  л/ нас барсан он, сар, өдөр, цаг, түүний шалтгаан зэрэг болно.

19. Угийн бичигт овог, өөрийн нэрийг нэрлэхийн тийн ялгалд, эцгийн нэрийг харьяалахын тийн ялгалд бичнэ. /тухайлбал : Боржигон Дашдоржийн Нацагдорж, Хатгин Цэндийн Дамдинсүрэн гэх мэт/

20. Хэрэв угийн бичиг хөтлөгч хүсвэл энэ журмын 18-д зааснаас гадна өөрийн санаачилгаар нэмэлт оруулж болно.

21. Гэр бүл бологчид, өөр өөрсдийн угийн бичгийг бүрнээр нь хуулан авч цаашид нэгтгэн өөрийн өрхийн угийн бичгийг бүрдүүлэн хөтөлж, үр хүүхдүүддээ уламжлуулан дамжуулж өгнө.


 

---------OOO---------