Ярилцлага, нийтлэл

Ургийн бичиг, удмын түүх болон овог удмаа ариун нандин байлгах, үр хүүхдээ сайж хүн болгож хүмүүжүүлэхтэй холбоотой ярилцлага нийтлэлүүд

 

 

 


Эх сурвалж: Монголын мэдээ сонин - 2013.03.08


Ургийн бичгийн программ овог, удмаа хамгаалахад тусална

Монгол түмэн эртнээс ураг төрөл, удмын хэлхээгээ таньж мэдэх зорилгоор ургийн бичгийг хөтөлж ирсэн түүхтэй. Сүүлийн үед уг уламжлал мартагдан ургийн бичиг хөтөлдөг айл өрх цөөрсөн нь ураг төрлийн хэлхээ холбоогоо мэдэхгүй хүмүүсийн тоо нэмэгдэхэд хүргэсэн юм. Харин үүнийг орчин үеийн хэрэглээнд тулгуурлан шийдсэн ургийн цахим хуудас нээн ажиллуулах болсон талаар мэдээлэл цацагдах болсон билээ. Тиймээс энэ талаар “Ургийн бичиг” цахим хуудсыг эрхлэн гаргагч Т.Батбаяраас тодрууллаа.

- Монголын анхны ургийн бичгийн цахим хуудсыг нээн ажиллуулж байгаа гэсэн. Энэ талаараа тодруулаач?

- Удмын түүхээ хөтөлж, үр хойчдоо залгамжлуулан үлдээж байх зорилготой монголын анхны ургийн бичгийн цахим хуудсыг бид нээн ажилуулж байна. www.urgiibichig.mn цахим хуудсаа энэ жилийн нэгдүгээр сарын 1-ний өдөр нээсэн. Ер нь уг хуудсыг сонирхсон бүх хүнд ач тусаа өгч, улмаар айл гэр, овог удам, бүр цаашлаад улс үндэстний угсааг ариунаар залгамжлахад хувь нэмэр оруулна гэж бодож байгаа.

- Уг цахим хуудсанд зөвхөн ургийн бичгийн талаархи мэдээлэл байдаг гэж ойлгож болох уу. Өөр нэмэлт мэдээлэл багтсан уу?

- Ургийн бичиг, удмын түүхийн тухай ойлголтыг мэдээллэхээс гадна яагаад залуу гэр бүлд чухал болохыг сануулах, ураг төрлийн нэрийн зүйлийг иргэдэд таниулах, овог удмаа ариун нандин байлгах, хөгжүүлэх, хамгаалах, эхийн хэвлийд зөв ураг бий болгох, түүнийг зөв бойжуулах, хүүхэд эсэн мэнд мэндэлсний дараагаар түүнийг овгоо залгамжилсан сайн хүн болгож хүмүүжүүлэх тухай мэдээллүүд багтсан байгаа. Түүчлэн ахмад үеэ хүндлэх, дүү нараа асарч, хамгаалах ариун ёсыг эрхэмлэх, уян зөөлөн, хүнлэг цагаан сэтгэлтэй, монгол ёс заншлаа сэргээх, хойч үеэ зөв хүн болгож хүмүүжүүлэх зэрэг мэдээллээр цахим хуудсаа мөн баяжуулсан байгаа. Уг мэдлэгийг залуучууд болон залуу гэр бүлд, иргэдэд өгөхөөр зорин ажиллаж байна. Дашрамд дурьдахад, бидний үйл ажиллагааг дэмжээд энэ чиглэлд сэтгэл нэгдэн, цахим ном, гарын авлага хийх хүсэлтэй залуустай бид хамтран ажиллахад үргэлж бэлэн байх болно.

- Ургийн бичгийг хөтлөхөд нэлээд төвөгтэй юм билээ. Хэрхэн хөтлөхөө сайн мэдэхгүй байгаа хүмүүст зориулсан хичээл танай цахим хуудсанд байгаа юу?

- УИХ-ын эмэгтэй гишүүд өнгөрсөн цагаан сарыг ургийн баяр болгож, энэ үеэр ургийн бичгээ хөтөлдөг болгох тухай санаачлага гаргаж байсан. Хэрэгжээгүй л болохоос уг санаачлагыг хүмүүс нааштай хүлээн авч байх шиг санагдсан. Гэхдээ яг яаж хөтлөх талаар иргэд тэр бүр ойлголтгүй байдаг юм билээ. Тиймээс бид удмын түүхээ хэрхэн хөтлөх, бүртгэлжүүлэх талаар энгийн хэн ч ойлгохоор видео хичээлийг бэлтгэж, цахим хуудсандаа байрлуулсан байгаа. Ургийн бичиг, удмын түүхийг “Ургийн мод”, “Угийн хүрээ” төдийгөөр хэтэрхий товч тоймлон үзүүлэхэд хүндрэлтэй бөгөөд түүнийг дэлгэрүүлэн цахим хэлбэрт оруулах буюу программ хангамжийг ашиглан хэрэглээнд оруулж хэвшүүлэх нь чухал юм. Үүний хүрээнд ургийн бичгийн программ хангамжийн туршилтын хувилбарыг бид хийсэн байгаа. Уг программ нь ургийн модны зураглал, гишүүдийн товч мэдээлэл, намтар түүх, тэмдэглэл, зураг, видео, эрх зүйн акт, амжилт бүтээл гэх мэт хувь хүнтэй холбоотой бүхий л мэдээллүүдийг оруулах бололцоотойгоос гадна эдгээр мэдээлэл нь тухайн хүний компьютерт хадгалагдах болно.

- Уг туршилтын программ хэзээ жинхэнэ утгаараа ажиллаж эхлэх вэ?

- Одоо бараг бэлтгэл ажил дуусч байна. Тиймээс ирэх зунаас худалдаанд гарах байх. Өнгөрсөн хоёрдугаар сард хэдэн залуу нийлээд утсандаа суулгаад ургийн бичгийг хөтлөх программ зохиосон гэсэн. Тухайн программ нь бидний бэлтгэж байгаа ургийн бичгийн програмын хажууд нэлээд учир дутагдалтай юм билээ. Тухайлбал, монголоор бичиж болохгүй, хувь хүнтэй холбоотой мэдээллүүд дэлэгрэнгүй орох боломжгүй зэрэг олон сул талтай байсан.

- Нээгдээд удаагүй байгаа юм байна. Өнгөрсөн хугацаанд хэчнээн хүн танай сайтыг ашигласан бэ?

- Цахим хуудсанд одоогийн байдлаар зочилсон хэрэглэгч, уншигчийн тоо 40000 орчим байгаа бөгөөд АНУ, Өмнөд Солонгос улс, Япон улс, ХБНГУ, ОХУ, Австрали улс, Бельги улс, Латви улс, Сингапур улс зэрэг 60 гаруй улс, орнуудын 600 орчим хотуудаас зочид холбогдоод байгаа.

- Уг цахим хуудаснаас гадна өөр энэ чиглэлийн ямар нэгэн ажил хийж байгаа юу?

- Бид гэрлэх ёслолын ордны зөвлөх багштай хамтран ажиллаж байгаа. Уг зөвлөх багш маань гэрлэх ёслолын ордонд хуримаа хийж байгаа бүх хосууддаа ургийн бичиг, удмын түүхийн тухай бүх ойлголтуудыг өгч байна. Энэ мэтчилэн олон нөлөөллийн ажлыг хийхээр төлөвлөөд байгаа.

Дээш буцах