Доктор Ж.Урангуа: Дарьганга

Эх сурвалж: mongolstudies.gov.mn

Дарьганга хэмээн нэрлэгдсэн нутгийн тухай:

Монгол улсын зүүн өмнөт хэсэгт Дарьганга хэмээн нэрлэгдэж ирсэн нутаг оронд одоогийн Сүхбаатар аймгийн Халзан, Асгат, Баяндэлгэр, Онгон, Наран, Дарьганга зэрэг хэдэн сум хамаарагддаг. Дарьгангад чулуун зэвсгийн үеэс хүн оршин сууж ирсэн ба түүнийг илтгэх хөдөлмөрийн багаж зэвсэг, эртний булш, хүн чулуу, барилга сүм хийдийн туурь зэрэг түүх соёлын дурсгалыг өөртөө хадгалсан түүх-соёлын баялаг дурсгалууд байдаг. Монгол нутгаас олдоод байгаа XIII-XIV зууны үед холбогдох хүн чулууны дийлэнх нь тус нутагт байгаа билээ. Энэ бүхэн нь Дарьганга нутаг бол эртний хүмүүсийн өлгий нутаг бөгөөд түүхэн урт удаан хугацааны туршид олон монгол аймгууд оршин суусаар ирсэн өлгийн нутаг гэдгийг илтгэнэ. Хожим нь XVII-XX зууны эхэн үед таван хошуу мал өсгөж үржүүлэхэд тохиромжтой Дарьганга нутагт Манж Чин улсын эзэн хааны үржил сүргийг адуулдаг болсон ба Манжийн хааны шууд эзэмшлийн нутаг хэмээн тооцогдож байсан ба малчид нь Ар, Өвөр, Баруун Монголоос малынхаа хамт шилэгдэж ирсэн хүмүүс байв. 1911 онд Монголчууд Чин гүрний эрхшээлээс гарсан тэр үед Дарьгангачууд Олноо Өргөгдсөн Монгол улсад дагаар орохоо илэрхийлж уг нутаг орон нь 1912 онд Монгол улсынхаа мэдэлд эргэн ирсэн билээ. Тус нутаг орны физик газарзүйн тогтолцоо нь тун өвөрмөц бөгөөд сөнөсөн галт уул, гуу жалга-ганга ихтэй нутаг юм. Энэхүү байдалтай нь холбоотой уг дэвсгэр нутгийг Гангын хэмээн нэрлэж, тэр нутгаас төрсөн алдарт хүмүүс болон жирийн Дарьгангачууд ч өөрсдийгөө Гангын хэмээн нэрлэх нь олонтой аж.

Дарьгангачуудын засаг захиргааны талаар:

XVII зуунаас өмнөх үеийн Дарьганга нутаг орны түүхийг өгүүлсэн бичгийн дурсгалт зүйл одоо хэр олдоогүй байгаа билээ. Харин Монгол орон манжийн эрхшээлд орсон үеэс хойших түүхийг өгүүлэх түүхэн сурвалжууд арвин бий. Чин улсын эзэн хааны зарлигаар 1697 онд Дарьгангад анх цэргийн зориулалттай адуун сүргийг байгуулсан байдаг. Манжийн хааны төмөр сүрэг гэгчийг байгуулсан тэр үеэс Дарьганга нь засаг захиргааны хувьд зүүн ба баруун гар Адуучин, зүүн ба баруун гар Тэмээчин, Хоньчин гэдэг таван гарыг захирах Бүгдийг тэргүүний захиргаа тус нутагт тогтов. Өөрөөр хэлвэл уг нутгийн угсаа залгамжилсан ноён захирахгүй харин томилогдон тавигдсан бүгдийн дарга хэмээх хүн захирч байжээ. Манжийн эрхшээлээс гарах хувьсгалт тэмцэл явагдаж байсан тэр үед Дарьгангын сүргийнхэн бусад нутгийн монголчуудын адил тулгар тогтсон Монгол улсаа хүлээн зөвшөөрч захирагдах болсноос хойш Дотоод хэргийг Бүгд захиран шийтгэгч яамны шууд мэдэлд аанай л Бүгдийн тэргүүний захиргаатай таван гар хэвээрээ байжээ. Мөн 1921 онд Ардын засаг тогтсоны дараа ч гэсэн Дотоод яамны харьяанд байснаа төдөлгүй 1921 онд засаг захиргааны шинэ хуваариар Дарьгангын хошуу гэгдэх болж улмаар гарууд сумын зохион байгуулалтад шилжиж Хан Хэнтий уулын аймагт харьяалагдах болсон юм. Тэр үеийн Хан Хэнтий уулын аймаг нь одоогийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг бүхлээрээ, Дундговь, Дорноговь аймгийн зүүн хэсгийг хамаарч байв. Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн 1931 оны 2 сарын 7-ны 5 дугаар хурлын тогтоолоор тус улсын орон нутгийн засаг захиргааны байгуулалд өөрчлөлт оруулахдаа хошуудыг татан буулгаж, сумуудыг томруулаад 5 аймгийг 13 аймаг болгох шийдвэр гаргасан байна. Тэгэхэд Хан Хэнтий уулын аймаг нь Хэнтий, Дорнод хоёр аймаг болсон бөгөөд одоогийн Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр дээрх хоёр аймгийн нутагт хамрагдаж байв. Ийнхүү Дарьганга уулын хошуу гэдэг засаг захиргааны хуваарь үгүй болж хүн ам, нутаг дэвсгэр нь Дорнод аймагт харьяалагдаж байснаа 1942 онд байгуулагдсан Жавхлант Шарга (1943 оноос Сүхбаатар) аймагт харьяалагдах болж одоогийн Сүхбаатар аймаг болсон. Чингэхэд хуучин Дарьганга уулын хошууны нутаг болох Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон, Халзан сумд нь Сүхбаатар аймгийн бүрэлдэхүүнд орсон юм.

Дарьгангын суугуул хүн ардын талаар:

Археологийн олдворуудыг үндэслэвэл тус нутаг оронд чулуун зэвсгийн үеэс хүмүүс оршин суусаар иржээ. Дөрвөлжин булшны олдворуудыг археологч эрдэмтэн Д.Эрдэнэбаатар МЭӨ XI-VII зууны үед холбогдохыг тогтоожээ. Мөн тус нутгаас олдоог хүн чулуун хөшөөг археологч эрдэмтэн Д.Баяр XIII-XIV зуунд холбогдоно хэмээн тогтоосныг үндэслэвэл Их Монгол улсын үед Дарьганга нутаг нь монгол аймгуудын нутагшлын томоохон төв болж байсныг илтгэнэ. Бидний үед хүртэл хадгалагдан ирсэн Дарьгангын түүхэнд холбогдох бичгийн дурсгалт зүйлүүд нь XVII зуунаас хойших үед холбогдох бөгөөд эл үеийн Дарьгангын оршин суугчдын түүх, угсаатны зүйн эх сурвалжууд арвин их үндэс суурийг тавьсан хүн бол уг нутгаас төрсөн Монгол улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Хэрэйд Л.Жамсран юм. Залуу эрдэмтэн судлаач Бадмаа, Оюу "Дарьганга бол угсаатны бүрдэл мөн" хэмээн асуудал дэвшүүлсэн нэгэн өгүүлэл бичжээ. Залуу судлаач Т.Билэгсайхан Монгол улсын Үндэсний түүхийн архив дахь Дарьгангын түүхэнд холбогдох эх сурвалжуудыг судлан шинжилж "Дарьгангын түүхийн судалгаа (XIII зууны эхнээс XX зууны эхэн хагас)" сэдвээр магистрын судалгааны ажил бичсэн бөгөөд өдгөө тэрээр судалгааны ажлаа үргэлжлүүлэн эрдмийн зэрэг горилон бүтээл бичиж байгаа бөгөөд түүний эл судалгаа Дарьганга судлалд зохих хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.Гадаадын эрдэмтдээс Оросын судлаач В.А.Казакевич 1928 онд Дарьгангад хээрын судалгаа хийж, хадны хятад бичээсүүдийг судлан, өгүүлэл нийтлүүлсэн, 1960 онд хээрийн шинжилгээний судалгаа хийсэн Унгарын монгол судлаач Рона Таш нарын судалгааг нэрлэж болох юм.XIII зууны үеийн Монголын түүхэнд холбогдох Персийн түүхч Рашид-аддины бичсэн "Судрын чуулган" хэмээх бүтээлд гурван голын монголчууд хүчэрхэгжин гарч ирэхээс өмнө Дарьгангаас Алтайн нуруу хүртэлх газар нутаг Хэрэйдийн хүчэрхэг аймагт харъяалагдаж байсан хэмээн бичсэн нь буй.Мөн ахмад түүхч Б.Буянчуулганы "Монголын эрт эдүгээгийн газар нутаг" хэмээх бүтээлд:" 800-д жилийн өмнө Алтан улсын ван ханы халууныг зайлах орд. Энэ хаан суусан учирт Хаан Уул хэмээн нэрийдсэн амуй. Энэ нь эдүгээгийн Улаанбаатар хотын өмнө Богд уул мөн" хэмээн бичсэн байдаг.

Дарьгангын сүргийг хэрхэн байгуулсан бөгөөд энд чухам хаа хаанаас хүмүүс ирж суурьшсан талаар:

Манжийн хааны сүргийн нутгийг анх байгуулахдаа Халхын дорно замын дундад дахь зүүн этгээдийн хошуу (одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан, Уулбаян сумын нутаг Түмэнцогтын зүүн хэсэг,Хэнтий аймгийн Батноров, Баян-Овоо, Норовлин сумдын нутгийн хагас), Халхын дорно замын дундад дахь адгийн хошуу (одоогийн Хэнтий аймгийн Галшар,Буянт зэрэг сумын хавь нутаг), Халхын дорно замын баруун гарын өмнөд хошуу (одоогийн Дорноговь аймгийн Сайхандулаан, Улаанбадрах, Хатанбулаг, Хөвсгөл зэрэг сумдын нутаг) ба Өвөр Монголын Авга, Сөнид хошууны нутгаас таслан гаргасан юм. Нүүдэллэн ирсэн хүмүүсийн тухайд өгүүлвээс: анх Ойрадын Галдан Бошигт, Өвөр Монгол Манжид дагасны дараа Ар Монголтой хүчээ нэгтгэж Монгол улсын тусгаар тогтголыг хамгаалах гэж оролдсон боловч бүтэлтэй болоогүй учраас Халхын эрх баригчдыг хүчээр цохиж, Ойрадтай нэгтгэхийн төлөө Халхын нутагт цөмрөн орж ирээд улмаар Ойрад-Халхын дайн дэгдэхэд Түшээт хан аймгийн нэгэн тайж Цэрэнжав гэгч төрөл төрөгсөд, зарим албатаа дагуулан дүрвэж 1688 онд Оросын нутгийн хязгаарт байж байгаад Халх Манжийн захиргаанд орсны дараа 600 харъяатаа дагуулан 1693 онд нутагтаа ирээд Баян-Улаанд нутаглахыг Манжийн хаанаас гуйсанд, тэрээр 1694 онд түүнийг зөвшөөрч эцэг Дашыг нь Халхын хуучин засаг ноён байсныг харгалзан засаг тэргүүн зэрэг тайж болгож, 1695 онд Онон голын орчимд шилжүүлэн нутаглуулсан байна. Түүний дараа Манж Чин улсын Сюань Е ( оны цол нь Энх- Амгалан) хаан, Ойрадын Галдантай байлдахаар халхын нутагт орж ирэхэд Цэрэнжав ноён түүнд бараалхаж, Галдантай байлдахаар явахыг хүсэхэд, Манжийн хаан зарлиг буулгаж ,"Та энэ хэдэн жил янагш, хойш, урагш нүүхэд маш зовсон. Эдүгээ Дарьгангад миний цэргийн агт адуулах газарт, харъяат ардаа татан одож суу" Мөн адууны хэргийг захиран шийтгэ, Дагалдаж байлдахыг байг" гэжээ. Үүнээс үзэхэд Дарьгангын адуун сүргийн хүмүүс Халхаас анх очсон байна.

Манжийн хаан Ойрадын Галдан бошогтыг Зуу модны газар цохисны дараа үлэмжхэн мал олзолсноос гадна Халхын ноёд дээдсийн бэлэглэсэн үй олон малыг бас Дарьгангын сүрэгт шилжүүлж, адуун сүргээс гадна тэмээн сүрэг бий болгожээ. Эдгээрийг Чин улсын цэргийн яаманд харъяалуулан Чахарын хошуу захирагч сайд(гусай амбан) гэгчид захируулжээ. Бас хонин сүрэг гэгчийг мөн Дарьганга нутагт байгуулж түүнийг адуулах маллах хүмүүсийг Чахараас гарган Чин улсын Дотоод Яамны элбэгээр үржүүлэгч хэлтэс гэгчийн зохиосон хуулиар ажилуулснаар уг нутагт XVII-XVIII зууны заагаар таван гар сүрэг бий болсон байна. Түүнээс хойш хонин сүрэг нь Чахарын сүргийн нийтийн даргад харъялагдаж байснаа сүүлдээ нутгийн ойроор Дарьгангын адуу, тэмээн сүргийн Бүгдийн тэргүүн (үгэради)-д давхар харъяалагдах болсон ажээ. Чин улсын төр 1709 онд Дарьгангын сүрэг адуулах бэлчээрт бусад олон аймаг хошуудын ардуудыг нутаглуулахыг хориглон зогсоосон байдаг. Ийнхүү Дарьгангын сүргийнхэн бусад аймаг хошуудаас таслагдан тусгайдуу орших болсон амуй.

Дарьгангатын сүрэг үүсэхэд Халх, Чахараас гол бүрдэл болсон гэх боловч Монгол орны энд тэндээс авчирсан малыг хүргэж ирсэн малчид цөм буцсан гэх баримт байхгүй. Нөгөө талаар Ойрадын Галдан бошогт үлэмжхэн цэрэг иргэнийхээ хамт Дарьгангыг дайрч өнгөрч байсан тул тэндээс тус нутагт үлдэн амьдрагчид цөөнгүй бий. Энэ нь Дарьгангад Жачин, Порни, Хар үхэрт, Амбагай, Хөхий, Муу хятад, Адаа гэх зэрэг овог байгаагийн дотор Хотгойд, Хэрээд, Зээрднүүд, Шарнууд гэх зэрэг Баруун Монголд олонтой байдаг овгууд одоо ч байгаагаар нотлогддог. Ингээд Дарьгангын суугуул оршин суугчид болон Манжийн хааны сүрэг буй болгохтой холбогдуулан Монголын үндсэн хэсгүүдээс шилжин ирж суурьшан амьдарсан 300 орчим жилийн хугацаанд энд нутагшсан хүмүүсийн соёлын шинэ нийтлэг бүрэлдэн тогтсон аж.

Дарьгангын соёлын онцлог юунд орших вэ? Даргангачууд ястан мөн үү?

Дарьганга хэмээн нэрлэгдэх газар нутагт оршин сууж газар орныхоо нэрээр нэрлэгдсэн энэхүү хүмүүсийн соёлын нийтлэг нь нэлээд эрээвэр хураавар шинжтэй байсан агаад олон арван жил Ар, Өвөр Монголын зааг нутагт тусгай захиргаатай тусгаардуу байсны улмаас хэлний аялга, заншил, аж төрөх ёсны талаар өөр хоорондоо ижилсэн хоёр талын аж төрөх байдал, хэл, зан заншлын нөлөөг заримдгаар өөртөө шингээж, хэлний аялга, зан заншлын талаар зарим өвөрмөц онцлогтой болж байсан боловч тусгай ястан болтлоо ондоосоогүй монгол овогтон юм. Улмаар Монгол улсын засаг захиргааны нийтлэг зохион байгуулалтанд орж, эдийн засаг, соёлын нэгдмэл бодлогод хамрагдаж, ялангуяа монгол хэлний авиа бүрийг тус тусад нь ялган тэмдэглэдэг Монгол шинэ бичгээр 60 гаруй жил бүх албан хэрэг, сургалт хэвлэл мэдээлэл явагдсанаар Халхын утга зохиолын хэл, аж төрөх ёс бүрэлдсэнээр Дарьгангын түүхэн өвөрмөц дээрхи онцлог өдгөө аажмаар арилж байгаа билээ.

Дарьгангачуудыг монголын нэгэн ястан хэмээн анх бичсэн (1934 он) хүн бол Орос-буриадын эрдэмтэн Ж.Цэвээн юм. Энэ нь Монгол улсыг олон ястны улс болгосон, түүнийг "угсаатанчлалын" нүдээр харах болсон 1930-аад оны үеэс үүдэлтэй юм. Чухам тэр үеэс Монголд Дарьганга хэмээх нэгэн ястан тус орны зүүн өмнөд хэсэгт оршин суудаг гэсэн үзэл ноёрхсоор ирсэн юм. Дарьганга бол төр, захиргааны хөгжлийн явцад буй болсон хэсэг нэгж бөгөөд тэнд оршин сууж байсан хүмүүс чухамдаа нэгэн ястны хэмжээнд хүртэл нийтлэг үүсгэж чадсан уу? гэдэг асуудлыг нийгэм-соёлын хүн судлал, угсаатны зүйн үүднээс нягт нямбай судлан дүгнэлт хийх шаардлага өдгөө байсаар байгаа билээ

Дарьгангачуудын соёлын өвөрмөц онцлогууд :

Дарьгангачуудын соёлд өвөрмөц нэлээд буй. Түүний нэг нь гэр юм. Гэр нь 4, 5, 6, 8, 10 ханатай байх бөгөөд их төлөв бургасан ханатай, нарсан уньтай, тэр нь толгойгоороо тоонондоо хэлхээтэй, голоороо хоёр салдаг тэрхүү хэлхээтэй тоон нь малд нуруулдаж ачих, тэргэн дээр тээхийн алинд ч тохиромжтой байдаг. Говь, хээрийн бүсэд бүсийн нөхцөлөөс шалтгаалан гэрт модон шал хийдэггүй. Харин тулганы гурван талаар тойруулга ширдэгний захаар газар шигтгэсэн төмрийг шал гэж нэрлэдэг.Шалны дотор талын газар хөрсийг нарийн шавраар тэгшилсэн байдаг.

Даргангачуудын хувцас нь бусад нутгийн монголчуудын хувцастай үндсэндээ адил дээл, өмд , цамц, малгай, гутал зэргээс бүрддэг. Дарьганга хувцасны гоёл чимэглэл нэлээд тансаг аж. Эрчүүдэд гоёлын хувцсаас гадна дарьганга хийцийн мөнгөн эмээл, хазаар, суман, хулсан, яргай зэргийн сайн модоор хийж яс, мөнгө зэргээр чимсэн морины сайн ташуур, сум, хулс зэргээр хийсэн сийлбэртэй, оонын хүзүүний арьсаар томж хийсэн хуйвтай уурга, эр хар сураар томж хийсэн урт бугуйл зэрэг хөдөлмөрийн багажийн гоёлоос гадна биенд эдэлж явдаг нутгийн дархчуудын урласан мөнгөн хэт хутга, соёо цохилуур , дотор газрын хийцтэй хаш, мана гэх зэргийн чулуун соруултай гааж, янз бүрийн үнэт чулуугаар хийсэн алт, мөнгөн нуух, этгүүртэй шүрэн толгойтой хөөрөг, мөнгөн эсвэл үндсэн аягыг нутгийн эмэгтэйчүүд чин сэтгэлээсээ хичээж урласан хөөрөгий даалин аяганы алчуур, тамхины уут, гарынхаа хуруунд зүүдэг алтан, мөнгөн бэлзэг зэрэг нь эрчүүдийн гол гоёл чимэглэл нь болдог. Эмэгтэйчүүдийн гоёл чимэглэлийг насанд хүрсэн буюу айлын авхай болсон хүний, охидын гэж хоёр хувааж үзэж болно. Тэдний гол чимэглэл нь дээл, толгойн өмсгөл чимэглэл юм.Охид даахиа хоёр салаа эвэр болгон засуулаад дараа зөвхөн дагзан дээрээ тав гэзэгтэй болж үсээ ургуулаад бие боловсорч эхлэх үеэр үснийхээ урд талыг ургуулан хоёр салаа гэзэг болгож улмаар сүлжмэл нэг гэзэгтэй болсон үеэсээ чихэндээ гархи зүүж, үсэндээ шүртэй эсвэл сувдтай мөнгөн дарлага хаддаг. Гартаа бас мөнгөн бэлзэг, бугуйвч зүүдэг.

Эхнэрүүд нь хоргойгоор чимэглэсэн нударгатай, тохойтой эхнэр дээл, малгай, ууж, гутал зэргийг өмсөхдөө гадна татуур, хавчаар сүйх, шивэргэл, ар мөрийн гуу, шалиг зэргээр чимэглэж гоёдог байжээ. Татуур нь шүр шигтгээ шигтгэсэн толгойн мөнгөн өмсгөл бөгөөд хоёр талын шанаанаас нь үргэлжилсэн 3 давхар шүрэн сагалдрагатай, магнай дээрээ ханалж хадсан сувдан тортой хоёр талаас нь унжсан дороо шүр, оюу, номин бүхий бэлжигнүүртэй олон сувдан унжуургуудтай зүйл юм. Хавчаар нь үс боосон 3 тууш шигтгээтэй голдоо 2 шигтгээтэй гонзгой хэлбэрийн шүр шигтгэсэн, үсний үзүүрийг модонд бэхэлж мөнгөөр тогтоодог зүйл юм. Дээд талдаа хоёр нарийн хавчаар нь шүртэй, мөнгөөр цулгай буюу хөөмөлөөр хийсэн байдаг. Сүйх нь чихний гархинаас зүүсэн шүртэй мөнгөн холбоос байх бөгөөд түүнээс олон шүрэн зүүлт цацаглаж унжуулсан байна. Шивэргэл нь хавчаарын доороос угласан дээд үзүүрийг нь шүрээр бүрхсэн нэг талдаа 3 угсраа, шүрэн шигтгээтэй дөрвөлжин мөнгөн хадлагатай бөгөөд завсар, завсар нь шүрээр чимэглэсэн ууж хүртэл унжсан хатуулж цардсан хоргойн дээр байрлуулсан зүйл юм. Ууж гэдэг нь хоёр талаараа оноотой, урдаа энгэртэй, хоргой эмжээр хоршоотой өнгө өнгийн хоргойгоор алаглуулж хийсэн байх бөгөөд энэ нь дээлнээсээ 4 хуруу богино байдаг, ханцуйтай хантааз маягийн цээжтэй, доод тал нь саравгар өмсгөл юм. Ар мөрний гуу нь дөрвөлжин буюу гурвалжин хэлбэрийн хуруу зузаан голдоо том шигтгээтэй зүйл байх бөгөөд уужны шилбэ нь мөнгөн товчтой байна.( шилбэ нь ) Хааш хаашаа 10 см хэртэй 3 ширхэг байна.Шалиг нь хагас дугуй хэлбэртэй уужны шилбэнээс товчилсон байх бөгөөд эндээс унжсан мөнгөн оосоруудаас хавтантай хөөрөг, чихний ухуур, хамсаа, чимхүүр, шүдний чигчлүүр, зүү, утас, хуруувчтай хайрцаг зэргийг зүүсэн байна. Ер нь эмэгтэй хүн бол аль болох гялгар, гоё марзан юм өмсдөг. Эмэгтэйчүүд хувцас толгойн өмсгөлөөс гадна чихэндээ алт мөнгөн гархи (ээмэг) гарынхаа хуруунд тэрчлэн шуундаа шигтгээтэй, шигтгээгүй алт, мөнгөн бэлзэг (бөгж) бугуйвч зүүх нь тэдний чухал гоёл чимэглэл мөн "Сүргийн хүүхэн шүрэнд дуртай, Халхын хүүхэн гаансанд дуртай" гэдэг үг бий.

Уул овоо тахих ёс:

Хүн төрөлхтний нэн эртний шүтлэг бол бөө мөргөл юм. Монгол нутгын эртний оршин суугчид бас бөө мөргөлтэй байжээ. Тэр нь далдын ид шидэнд хүмүүсийг итгүүлдэг байсан тул тал нутагт байдаг дов толгодын дунд арай сүрлэг өндөр уулыг далдын ид шидтэй гэж шүтүүлдэг болсон нэн эртний уламжлалтай юм. Дарьгангад мөн энэ уламжлалаар уул тахиж түүн дээрээ овоо босгож хадаг яндар зүүж идээ шүүсний дээж өргөх явдал дээр үеэс байжээ.

Төв Азийн орнуудад бурханы шашин дэлгэрч эхлэхэд эхний үед бөө мөргөл, бурхны шашин хоёр сүрхий мөргөлдөж байснаа сүүлдээ аажмаар зохицох байдалтай болж, шашны зан үйлд бөө мөргөлийн зарим зүйлийг авч хэрэглэх болсны жишээ бол лам нар уул ус газрын эзэд гэгчид зориулсан ном, уншлага овоо тахих зэрэгт өргөн оролцох болсон явдал юм.Дарьгангад Манжийн эзэн хааны сүрэг байх болсоноос хойш Дарь уулыг сүрэг нийтийн тахилгат уул болгож, түүний орой дээр Батцагаан хэмээх сүрлэг овоо босгосноор Дарь овоо гэгдэх болсон. Түүний өвөрт Овоон сүм гэгчийг байгуулж сүрэг нийтийн гол сүм болгосон ажээ. Түүнээс хойш бидний дээр дурдсан эзэн хааны мэдээтэй сүм хийд Дарьганга нутагт дараалан баригдахын зэрэгцээгээр сүргийн гар бүхэнд тахилгат уул овоо байх болсон ажээ. Жишээ нь: зүүн гар адуучид Бөөрийн сүм, Хатавчийн хийдээс гадна Их уул, Халзан уул гэж тахилгат хоёр уул байлаа. Уул овооны тахилга жилд нэг удаа зуны дэлгэр цагт эрийн гурван наадамтай хослон явагддаг байжээ. Хэрэв тэр нутагт байгалын гамшиг тохиолдох, жишээ нь хур бороо орохгүй, гандуу байвал ган тайлж өгөхийг гуйсан тахилгыг найр наадамгүйгээр хэдэн ч удаа хийх ёс байжээ. Ийм тайлга тахилгын хамгийн том нь Дарь овооны тахилга юм. Зарлигаар Түшээт хан аймгийн ламын гэгээн буюу Дарьгангад зэргэлдээ нутагладаг Орлойн Мэргэн хутагтыг Дарьгангачуудын шүтэж байх их лам болгосон байдаг. Хутагт удирдан Дарь овоог жил бүрийн хаврын эхэн сар ба зун хоёр удаа тахидаг. Зуны тахилга нь сүрэг нийтийн их баяр, эрийн гурван наадам зохиодог байжээ.Түүнд Сүргийн Бүгдийн тэргүүн, гарын тэргүүн, олон да, мээрин нар болон бусад эрх баригч эрх дархтан, бүх сүм хийдийн тэргүүн, дэд хамба, да лам нар тэргүүтэй олон хуврагууд хийгээд ард олон хүрэлцэн ирж Дарь Алтан овоог тойрч гороо хийнэ. Тэгэхдээ гэрийн бүслүүр маягийн гурван замын дээгүүр нь лам нар, дундуур нь харчуул буюу эрчүүд, доод замаар нь эмэгтэйчүүд тус тус явж гороо хийдэг байжээ.

Лам нар Батцагааны урд ширээн дээр зассан идээ, шүүсний дэргэд тахилгын уншлага, овооны магтаал зэргийг түвдээр уншиж хэнгэрэг цан нижигнүүлж байхад нутгийн сайн хуурч, морин хуурын эгшигэнд Дарь Алтан овооны магтаалыг аялан цугларсан олныг баясгадаг байна. Түүний үг нь:

Богд л Дарь овоо минь
Богд эзэнд мэдээтэй
Бойгон журганаас цалинтай
Баруун Зуугаас сургаалтай
Банчин Богдоос лүндэнтэй
Богд л Дарь овоо минь
Босоо дөрвөн түшмэлтэй
Баруун урьд зүгт нь
Баян дулаан хангай
Баруун хойт зүгт нь
Барив шингийн нуруу шиг
Нүгэл муутыг дарсан
Лүн хангайн уул
Зүүн хойт зүгт нь
Эрээн барын шинжтэй
Энгэр болгон өвөлжөөтэй
Нарийн дөрвөн өнцөгтэй
Нарт хангайн уул
Зүүн урд зүгт нь
Зүйлийн аюулыг дарсан
Дарь Чойжин овоо минь
Зүс цагаан хангай
Дагшин дуут булагтай
Ганга холбоо устай
Ганхсан сайхан модуудтай
Ганганалдсан сайхан шувуудтай
Гайхамшигт сайхан орондоо
Алтан дарь овоо минь
Авралт шажин дэлгэрүүлсэн
Арван гурван хийдтэй
Таван гарын амбастай
Гурван малын сүрэгтэй
Гоё л сайхан нутаг даа
Дарь Чойжин овоо минь
Дамба даржаалан хийдтэй
Дагшин орондоо нийлж (найрлаж) байх
Түмэн өлзий орших болтугай гэдэг энэ магтаалд овоо "Богд эзэнд мэдээтэй" гэж Манжийн эзэн хаанд зөвшөөрөгдсөн, "Бойгон журганаас цалинтай" гэж Сангийн яамнаас цалин авдаг, "Банчин Богдоос лүндэнтэй" гэж Түвдийн шарын шашны нэгэн тэргүүн Банчин эрдэнэ тус овооны тухай зарлиг байсан зэргийг магтаалын эхэнд хэлж байгаа яриа олон байдаг. Ер нь Дарь Алтан овоо орон нутгийнхаа ардын аман зохиолд хүндтэй байр эзэлдэг. Иймээс Дарьгангачууд сандарч бачимдсан үедээ "Алтан овоо минь өршөө" товчоор "Алтан овоо минь" гэж аврал эрдэг билээ. Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жэвзундамба хутагтын зарлигаар Алтан овоог төрийн тахилгат уул болгосон. Гэвч 1935-1989 онуудад Алтан овооны тахилга хийгдээгүй. Харин 2004 онд Монгол Улсын ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаар төрийн их тахилгыг сэргээсэн юм. Улмаар 2013 онд төрийн тахилгат уул болгосны 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн амуй.

Дарьгангачуудын хэл, соёл:

Дарьгангачууд монгол хэлний халх аялгаар үндсэндээ ярьдаг боловч үгсийн санд нь халхад байхгүй нэлээд үг байдаг. Тухайлбал, найзыг өөшгөө, томыг маран, агдан, авхайг аазай, хөгшнийг гөеө, эгчийг ажаа гэдэг. Нөгөө талаар зарим авианы дуудлага халхаас ялгаатай. Үүнд: Зарим үгийн эхний "т"-г "д" гээд сольдог. Жишээ нь: тос-дос, торх-дорх, тусгай-дусгай, таслах-даслах, түшмэл-дүшмэл, тогтоол-догтоол. Зарим үгийн эхний "х" авиаг "г"-ээр сольдог. Үүнд: хачин-гачин, хот-гот, хатан-гатан, хоршоо-горшоо, хутга-гутга. Зарим үгийн эхний "с" авиаг "з"-ээр хэлдэг сүх-зүх, салхи-залхи, сагсуу-загсаа. Зарим үгийн дунд орсон "д"-г "с"-ээр дууддаг өвдөх-өвсөх, хавдах-хавсах г.м. онцлогууд буй.Дарьганга нутагт шилийн сайн эрчүүд олон байсан тухай домог яриа олон байдаг. Хятад худалдаачин, ноёд, баядын хөрөнгө малыг хулгайлан авч ядуу хүмүүст тарааж өгдөг Ар, Өвөр Монголд нэрд гарсан шилийн сайн эр " Торой банди " "Төрийн бөөс" гэж алдаршсан Нанзад (1834-1904)-ын ер бусын сэргэг соргог, чин зориг, хүнлэг чанарын тухай олон домог яриа ам дамжин яригдсаар ирсэн байна.

Монголын ард түмний дүрслэх урлагын соёлд Дарьгангачуулаас оруулсан гайхамшигт хувь нэмэр нь мөнгөн урлал юм. Дарьгангын сүрэгчдэд манжийн төр цагаан мөнгөөр цалин пүнлүү тавьж олгодог байснаас энэ нутагт мөнгө элбэг байсан бөгөөд мөнгөөр эдлэл хэрэглэл, гоёл чимэглэл хийх урлаг ихэд хөгжсөн ба Дарьгангын мөнгөн урлал, чимэглэл өөрийн өнгө хэлбэр, хаана ч дахин давтагдахгүй хийцтэйгээр зуун дамжин хөгжиж ирсэн юм Дарьганга нутагт олон уран дархчуул төрөн гарчээ. Тухайлбал, Сүрэнхор, "хөл" Галай, "жараахай" Балдан, Дугар, Ласран, Очир, Ням, Чойннямбуу, Б. Лхамсүрэн, Д.Молом, Д.Дүйнхэр, Ш.Дондов, М.Сэнгэдоо, М.Балдан-Осор, Д.Цэеэрэгзэн,М.Зундуй, Н.Содов, Загдсүрэн г.м. Энэхүү авъас билэгт урчууд нь олон арван жил хуримтлуулан, баяжуулсан бурхан ухаан, уран гар, хурц сэргэлэн нүд, өвөрмөц арга барилаар мөнгөн урлалд Дарьганга хийцийг бий болгосон аж. Тэдний олон үе дамжин баяжуулсан нарийн ур хийц, туурвин бүтээх уламжлалт арга барил бусдаас содон өөр байдаг. Тэдний урласан мөнгөн эмээл, хазаар, хэт хутга, аяганаас хээ угалзны дан болоод давхар сүлжээ, хаж, самнаа, хөдөлгөөнт луу, цэцэг, навч, эрвээхэйг ухаж сийлбэрлэн гаргасныг тодхон харж болно. Тухайн мөнгөн эдлэлийг чимэглэж буй хээ угалзны зохиомжийг маш нарийн арга ухаанаар урлан гүйцэтгэдэг ур ухааны цогцолбор чадамжаар Дарьганга хийц бусад газрын мөнгөн урлалаас тод ялгарч байдаг. Энэ бүхэн нь Монголын соёлын баялаг өвд дарьгангачуудын оруулж буй хувь нэмэр билээ.

Хэрээд Жамсрангийн Урангуа

"Түүх судлалын жимээр" УБ хот. 2014 он. 152-161 тал



Бидний овог удам маань цэвэр ариун байж Монголын үрс маш олон болтугай


www.urgiinbichig.mn