Эх сурвалж: "Ураг удам" сонин - 2014 оны анхны дугаар


Ж.Гомбожав: Газар, усны нэрийн тухайд

Сүүлийн жилүүдэд хүмүүс машин, мотоцикл зэрэг хурдан унаагаар богино хугацаанд хол замыг туулан явдаг болсоны улмаас газар, усны нэрийг хэрэглэх нь багасаж байх шиг санагдах боллоо. Замд таарсан нутгийн хүмүүсээс газар, усны нэрийг асуухад гол төлөв мэдэхгүй, тэднийх хаана вэ гэж сураглахад төчнөөн км яваад очно, энэ замаар яваад хэдэн айл байгаа. Та тэднийхнээс асуу гэх зэргээр хариулах нь элбэг болжээ. Мөн газар усанд өөрийнх нь амьдарч байх үед болсон үйл явдлаас үндэслэн шинээр нэр өгөх, машин тэрэгний эвдэрхий, хэмтэрхий эд ангиар /Кабинтай толгой гэхчлэн/ нэрлэсэн тохиолдол ч байх юм. Газар, усны нэр бол маш чухал ач холбогдолтой байдгийг манай ард түмэн уг нь сайн мэддэг бөгөөд тэр нэрийг үеийн үед дээдэлсээр ирсэн түүхэн уламжлалтай. Энэ сайхан уламжлалаа гээх ёсгүй.

Дээр үед алт, эрдэнэсээр нэрлэсэн олон газарт тэр төрлийн баялаг байдаг нь амьдралд нотлогдсоор байна. Манай ард түмэн газар, усны нэрийг ямар их ухаантай өгч байсныг бид бахархан, уламжлах ёстой.

Манай улс хүн төрөлхтний түүхэнд мартагдахын аргагүй олон гавъяа байгуулж, нэр төртэй үйлс бүтээсэн байдаг. Тэр бүгд тодорхой газар, усны нэртэй холбоотой. Ийм учраас газар усны нэрийг хэн нэгэн хүн сайн дураараа өөрчлөх ёсгүй.

Би Сүхбаатар аймгийн даргаар ажиллаж байхдаа Халх голын дайны үед байлдааны зориулалтаар хийсэн газрын зургийг ажиглан, дарагдсан, эвдэрсэн энгийн уурхайн худгуудыг сэргээн засварлаж, гаргаж байсан юм. Дайны үеийн тэр зурагт газар, усны нэрийг нилээд тодорхой тэмдэглэсэн байдаг.

Орчин үед хүмүүсийн олонхи нь томоохон уул, гол, нуурын нэрийг л мэдэж байна. Харин дов толгод, жалга гууны нэрийг тэр бүр мэдэхээ больжээ. Харин нутаг усандаа амьдарч байгаа малчид л мэдэж байна.

Энэ байдлыг бодож үзээд миний бие Сүхбаатар аймгийн Асгат сумын зургадугаар багийн нутаг болох “Энх овоот” гэдэг бяцхан овоон дээрээ (“Энх овоот нь манайхны нутаг болой”) гэсэн бичиг бүхий боржин чулуун пайз босгов. Энэ мэтчилэн хүн бүр өөрийн төрсөн нутаг, усны нэрийг юухан дээр ч болов бичиж, нутаг усныхаа нэрийг мартагдуулахгүй байх хөдөлгөөн өрнүүлмээр байна. Сум, аймаг, нийслэлийн төрөх газарт төрсөн хүнд бол ийм нутаг, ус байхгүй. Гэхдээ аав, ээж ойр тойрны хүмүүс, очдог амардаг газрынхаа нутаг, усны нэрийг баталгаажуулан тэмдэглүүлэхэд оролцож болно. Гагцхүү санаачлага л хэрэгтэй. Миний бодлоор газар, усны нэрийг тэмдэглэх энэхүү ажлыг аймаг, сумын нутгийн захаас эхлэн хийж гүйцэтгэвэл нэн сайн баймаар санагдах юм. Яагаад вэ гэвэл сүүлийн жилүүдэд хил, хязгаар нутаг маань эзгүйрч, хүмүүс төв суурин газар бараадаж амьдрах нь элбэг болжээ. Үүнтэй холбогдуулан хэлэхэд нутгийн зах хязгаараа эзэмшиж байгаа, эзэмшихийг хүсч байгаа малчдын санаачлагыг дэмжиж, худаг гаргаж өгөх, ноос үс, арьс ширийг нь урамшуулалтай (нэмэгдэлтэй) үнээр авах. Улаанбаатар хот, аймаг, сумын төвөөс холдох тутам бензин, түлшний үнэ хямдарч байх зэрэг эдийн засгийн урамшуулал шаардлагатай байна. Ийм ажил хийвэл бэлчээрийн даац хэтрэхгүй, цөлжилт багасаж, нутаг дэвсгэрээ бүрэн эзэмших зэрэг олон ач холбогдолтой байх болно. Одоогийн малчдад өгч байгаа ноос, арьс ширний урамшуулалыг олгохдоо эдгээр нөхцөл байдлыг харгалзан үздэг байхаар журам тогтооход л болно. Нэмэлт, их хөрөнгө, мөнгө шаардагдахгүй. Миний энэ саналыг бодож үзэхийг Монголоо гэсэн хүн бүрээс хүсье.

www.urgiinbichig.mn