Эх сурвалж: "Ураг удам" сонин - 2014 оны анхны дугаар


МУИС-ийн багш доктор, профессор Ж.Сэржээ: Монголчууд бүгд нэг овогтой болсон уу

Монголчуудын овгийн нэрийн талаар сүүлийн үед зарим хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан үндэслэлгүй зүйл ярьж олон нийтийг төөрөгдүүлэх боллоо. Заримаас нь эш татвал “Монгол хүн овгоо хэрэглэхээ больсноос цус ойртолт ихсэж хэцүүдэж байна гээд л 1997 онд Засгийн газар тогтоол гаргаж овгоо сэргээж эхэлсэн. Тэр дагуу овог сэргээх хөдөлгөөн өрнөсөн ч хэдэн сайн дурынхны бизнес болж хувирсан. Бүх нийтийг овогжуулах гэсэн тэдний санаа нв сайхан юм. Гэхдээ үйл нь буруу байсан. Үүнээс болж монголчуудын 86,6% нь боржигон овогтон болсон. Хүн бүр өөртөө овог зохиож авснаас одоо ах дүү хоёр хүртэл өөр овогтой болчихсон л тууж явна. Өөрөөр хэлбэл овог үнэ цэнэгүй болсон” гэж Ж.Батсуурь ярьжээ. Төрөлхийн гажигтай хүүхэд төрж байгаа нь цус ойртолттой холбоотой. “Өдрийн сонин” (2011.5.27 №131), Бас саяхан “Зууны мэдээ” сонинд (2011.11.29 №282) Монголын хүн амын доторхи гэрлэлтийн тогтолцоог 38 жил судалсан “Хүн судлалын үндэсний төв”-ийн захирал, шинжлэх ухааны доктор, процессор Ж.Батсуурь бидний 90 орчим хувь боржигон буюу нэг овогтой болсныг 1997 онд ургийн бичгээ сэргээж хөтлөх Засгийн газрын тогтоолыг мэргэжлийн бус хүмүүс гаргасантай холбон тайлбарлаж буруутгалаа. Тэрээр цус ойртолтоос хамгаалж байсан овгийн түүхэн үнэ цэнэ өнөөдөр үгүй болжээ гэсэн байна. Үүн дээр хүч нэмэн Нийслэлийн Соёл урлагийн газрын зөвлөх Ч.Батжаргал “ Өнөөдөр хүн амын 86.6 хувь нь Боржигон буюу бүгдээрээ нэг овгийхон болчихжээ. Тиймээс овгоо үнэн зөв тогтоох нь чухал. Овгоо зөв тогтоох ганцхан арга бий. 1918 оны хүн амын тооллогын баримт бичиг архивт байгаа. Тэнд хүмүүсийг жинхэнэ овгоор нь бичсэн байдаг. Үүнийг л цөмөөрөө үзэж овгоо зөв тогтоох хэрэгтэй. /“Зууны мэдээ” сонины мөн дугаарт/ гэх мэтийн ярилцлагууд өгчээ.

Эдгээр хариуцлагатай хүмүүсийн үг хэрэв үнэн бол Монгол улсад овог гэдэг юм түүнийг сэргээх талаар гарсан Засгийн газрын шийдвэр огт хэрэггүй зүйл болсон байна. Гэвч албан тушаал, эрдмийн зэрэг цолоо дурдаж, шинжлэх ухааны нэр барьсан ч худал зүйл үнэн болдоггүй ажээ. Монгол улсын иргэний бүртгэл мэдээллийн төвд байгаа баримтыг үзвэл өнөөдөр манай улсын 2,7 сая хүн 95000 шахам овог хэрэглэж байна. Энэ дотор Боржигон, /Боржгон, Боржигин/ гэсэн гурван өөр бичлэгтэй овгийг хүн амын маань 90 /86/ орчим хувь нь биш, 14 хувь нь авсан байна. Үүнийг бүртгэл мэдээллийн байгууллагаас лавласан бол дор нь мэдэж болох байжээ. Энэ үзүүлэлтийг бусад улсынхтай харьцуулбал нэг их гайхаад байх юм биш. Тухайлбал манайхаас хэдэн арав дахин олон хүнтэй Орос үндэстэн манайхаас хэд дахин цөөн овог нэр хэрэглэж байхад, олон зуун сая хүнтэй Хятад (хан) үндэстэн нэг мянга хүрэхгүй овгийн нэр хэрэглэж байгааг судлаачид нь тогтоосон байдаг юм. Дээрх хүмүүсийн хэлж байгаа бас нэгэн хэтрүүлэг бол, ижил овогтой (тухайлбал хоёулаа Боржигин) хүмүүс гэр бүл болж болохгүй, заавал аймаг алгасч гэрлэх хэрэгтэй гэсэн шаардлага юм. Монголчууд нэг овогтой ч есөн үе өнгөрч төрөл холдсон бол гэрлэхийг зөвшөөрөхөөр барахгүй, шинээр үржвэр овог үүсгэхийг зөвшөөрдөг байсан. Есөн үе өнгөрөхөд удам төрлөөрөө цөм цуглан “Яс хагалахуй” хэмээх их ёслол үйлдэн найр хийдэг байсан нь манай өнөөгийн зарим хүмүүсийн бодож байгаагаас хавьгүй илүү соёлтой, ухаалаг аргаар нэгэн овгийн хүмүүс хэт олшрохоор сэргийлж байсныг сануулахад илүүдэхгүй болов уу.

Боржигин овогтон манай хүн амын 14%-ийг эзэлж байгаа нь бидний хувьд санаа амрах үзүүлэлт бас биш юм. Бүгдээрээ нэг овогтой байх, эсвэл огт овог хэрэглэхгүй байх хоёр нь мөн чанартаа яг адилхан билээ. Боржигин овогтон олон болсны учир нь нэгдүгээрт, хоёрдугаар зуунаас ч өмнө боржигин овогтон олон ??? байсан. Тухайлбал Манжийн үеийн монголын нийгмийн дээд давхрааны гол цөм болж байсан засаг ноёд Боржигин, Цорос, Торгууд, Урианхан, Их мянгад таван овгийхон байсан бөгөөд тэдний дотроос тоо олон, нөлөө ихтэй хэсэг нь Чингис хааны болон түүний дүү нарын угсааны Боржигин хошууд байжээ. Боржигин тайж нарыг Чингис хааны үр угсааных бол төрөл тайж, Хавт Хасар, Бэлгүүдэй, Отчигин нарын удмынх бол харьяат тайж хэмээн зааглан ялгадаг байв. Бас засаг тайж нараас гадна засаг бус тайж нар гэж байв. Монголын ихэнх хошуунд байсан эдгээр тайж нарын удам цөмөөрөө боржигин овогтой. Жишээлбэл: Эдгээр тайж нарын нэг Сэцэн хан Шолойн удмын эрэгтэйчүүд 1577-1905 оны хоорондох 328 жилийн дотор 11966 хон болон өссөнийг түүний угийн бичгээс харж болно. Хоёрдугаарт, хэдийгээр тайж гаралтай биш боловч, овог сэргээх үеэр их эзэн Чингис хааны овгийг сонгон авах сэтгэл зүйн сонирхол өнөөгийн зарим хүмүүст байсныг үгүйсгэж болохгүй. Ер нь аль ч үндэстэнд бусдаасаа илүү өргөн тархсан овгууд байдаг. Жишээ нь, Орост Иванов, Солонгост Ким, Хятадад Ван, Ли овогтнууд хэдэн зуун мянгаар тоологдоно.

Шинжлэх ухааны байгууллагад судалгааны ажил хийж буй хүний үг, дүгнэлт түүний эрдмийн зэрэг цолтой эсэхээс үл хамааран худал хуурмаг байж болохгүйг шинжлэх ухааны ёс зүй шаарддаг. Тэгвэл эрдэм шинжилгээний төвийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор цолтой хүний үг ийнхүү баримтыг илт үгүйсгэн үнэнээс хол зөрж байгааг гайхаж байсан ч, түүний ярилцлагыг цааш нь уншаад ямар нэгэн эрх ашгийн үүднээс зориуд худал хэлээд байна уу? гэж бодлоо. Тухайлбал: 1997 онд угийн бичгээ сэргээж хөтлөх Засгийн газрын тогтоолыг мэргэжлийн бус хүмүүс гаргасан гэжээ. Засгийн газрын тогтоолыг мэргэжлийн бус хүмүүс бүү хэл, мэргэжлийн хүмүүс ч гаргадаггүй, зөвхөн Засгийн газрын гишүүдийн хурал гаргадаг гэдгийг өөрөө нэгэн цагт Засгийн газрын гишүүн байсан хүн сайн мэдэх ёстой. Бас “1997 онд Засгийн газар тогтоол гаргаж овгоо сэргээж эхэлсэн. Тэр дагуу овог сэргээх хөдөлгөөн өрнөсөн ч хэдэн сайн дурынхны бизнес болж хувирсан” гэж ярьжээ. Овог сэргээх асуудлаар бизнес хийсэн хүмүүст монголд байхгүйг олон хүн мэднэ. Харин угийн бичиг сэргээн хөтлөх асуудлаар хэд хэдэн хүмүүс янз бүрийн нэртэй холбоо, ТББ байгуулж, бизнес хийж байгаа тухай “ Угийн бичгээр бизнес хийхийг зогсоогооч ерөнхий сайдаа” /Зууны мэдээ сонин 2006. 12.5 № 289/ гэсэн нийтлэл төвийн хэвлэлээр нэг бус удаа замаар санхүүжилт авч “Угийн бичгийг ???? хөтлөх аргачлал” нэртэй номыг хэвлэн тарааж байгаа гэх Хүн судлалын үндэсний төв ч орно. Нийслэлийн Соёл урлагийн газрын зөвлөх Ч.Батжаргал “Өнөөдөр хүн амын 86.6 хувь нь Боржигон буюу бүгдээрээ нэг овгийхон болчихжээ. Тиймээс овгоо үнэн зөв тогтоох нь чухал. Овгоо зөв тогтоох ганцхан л арга бий. 1918 оны хүн амын тооллогын баримт бичиг архивт байгаа. Тэнд хүмүүсийн жинхэнэ овгоор нь бичсэн байдаг. Үүнийг л цөмөөрөө үзэж овгоо зөв тогтоох хэрэгтэй” гэжээ Ч.Батжаргал өөрөө энэ тооллогын материалыг гараараа эргүүлж үзсэн бол ийнхүү худал хэлж арай л зүрхлэхгүй байсан болов уу. Энэ хоёр уг нь 2007 оноос эхлэн Хүн судлалын үндэсний төвийн боловсруулж хэвлүүлсэн “Угийн бичгийг хөтлөх аргачлал” номыг л сурталчилж ярилцлага өгсөн бололтой юм. Гэвч зорилгоосоо хазайж “монголчууд бүгдээрээ нэг овгийхон болчихжээ”, овгийн түүхэн үнэ цэнэ өнөөдөр үгүй болжээ” гэх мэтээр овгийн тухай худал ярьсныг ойлгоход бэрх юм. Цаашлаад, овог үнэ цэнэгүй болсон учраас “Увсыхан Дорнодынхонтой, Завханыхан Сүхбаатарыхантай, Хөвсгөлийнхөн Өмнөговийнхонтой гэх мэт аймаг алгасч гэрлэх хэрэгтэй. Ингэх юм бол царайлаг, бие бялдар сайтай, сэргэлэн цовоо, өвчин эсэргүүцэх чадвартай, үр удам төрж, удамшлын өвчин согогтой нь ховор болно” хэмээн ард иргэддээ үүрэг өгчээ. Бас овог гэхгүй удам гэж нэрлээд, эцэг эхийнхээ нэрийг овог гэх нь зөв гэж мэдэмхйирдэг хүн ч гарч ирсэн явна.

Одоо овог хэрэггүй болсон уу, цаашдаа өнгөрсөн 80-аад жил шигээ овоггүй, эцэг эхийнхээ нэрийг овог хэмээн эндүүрсээр явах уу гэсэн асуудал дээрх хүмүүсийн ярилцлагаас үүдэн гарч байна. Ж.Батсуурь докторынхоор бол овог ач холбогдолгүй болсон учир аймаг алгасч /зэргэлдээ аймгаасаа бус/ гэрлээд явж байвал болно гэжээ. Тэгвэл хүн төрөлхтний нийтлэг жишгийг авч үзье. Монголчууд бид ч бас хүн төрөлхтний нэг хэсэг шүүдээ. Өнөөдөр дэлхий дээр аж төрж буй 7 тэрбум хүний дийлэнх олонх нь овгийн нэр хэрэглэж байна. Овгийн нэр гэдэг нь ясан төрлөө /эцгийн талаа/ даган үе уламжилдаг нэр бөгөөд 11 дүгээр зууны үед умард Италид үүсч тэндээсээ 12 дугаар зууны үед Францын Париж болон томоохон хотуудад дэлгэрчээ. Энэчүү овгийн нэр нь Францаас Рейн мөрөн Ла маншийн хоолойг даван 12 дугаар зууны сүүл үед Германд, 11-12, дугаар зуунд Англид 14-16, дугаар зуунд Данид, 16 дугаар зуунд Шведэд худалдааны том хотуудаас нь эхлэн тархсан байна. Унгарт 14-18 зуун, Чехэд 14-15 зуун, Польшид 14 зуун, Японд 19 зууны сүүлийн хагаст тус тус овог хэрэглэх болжээ. Орост 14 дүгээр зуунаас эхлэн маш удаан нэвтэрч бүр 19 зууны хоёрдугаар хагаст бүрэн дууссан гэдэг. Тэгвэл Турк, Иран, Египет, Тунист хоёрдугаар зууны эхний хагаст овог хэрэглэх болсон байна. Монголын нууц товчоонд боржигин, бэсүд, хатагин, урууд, мангуд, тайчууд, сөнид, хонхотан, жүрхин, баарин, элжигин, бэлгүнүт, бүгүнүт, таргад, гэх мэг олон овог тэмдэглэгдэн үлдсэн баттай баримтаас үзвэл монголчууд дээр дурдсан улс үндэстнүүдээс бүр өмнө, наймдугаар зууны үеэс эхлэн овог хэрэглэж байжээ. Гэвч түүхийн тодорхой нэгэн үед цөөн жил овог хэрэглэхээ больж, иргэд маань эцэг эхийнхээ нэрийг овог хэмээн ухаарах болсон нь ч бас үнэн билээ. Ийм нөхцөлд 1990-ээд оны сүүлээр Монгол улсын Засгийн газар алсын хараатай, ухаалаг шийдвэр гаргаж, монголчуудын овгийг сэргээн хэрэглэх болоод арав гаруйхан жил өнгөрч байна. Түүний үр дүнд өнөөдөр бүх хүн маань овгоо сэргээж, үр хүүхэддээ үлдээх 95000 шахам овогтой болсон нь түүхэн чухал дэвшил юм. Учир нь өнөөдөр олон хүн өөрөөсөө дээш гурван үеэс цааш мэдэхгүй байгаа ч гэсэн хүүхэд, ач гучдаа үлдээх овогтой болсноор хэдхэн жилийн /3-4 үе буюу дал наян жилийн/ дараа таны хойч үе 7-9 үеэ төвөггүй мэддэг болно. Өнөөдөр овогтой болсны үр шимийг та хүртэхгүй байж болох ч таны үр хойчис хүртэх болно. Иймээс болчимгүй хүмүүсийн бусармаг үгэнд орж нэгэнт сэргээсэн овгоо хөсөр хаяж, үнэ цэнэгүй болговол дэлхийн жишгээс ухарч, үндэстнээ мөхөл рүү хөтлөн,, “буруу замаар будаа тээх” болно.

www.urgiinbichig.mn