Эх сурвалж: Ч.Аръяасүрэн. Х.Нямбуу. Монгол ёс заншлын бага тайлбар толь. УБ., 1990
Монгол ёс заншил, зан үйлийн товчоон. УБ., 2009
Х.Нямбуу. Өнөөгийн Монгол ёс. УБ., 1976
И.Цоодол. Монгол ардын уламжлалт ёс, зан үйлийн дээж. I, II. УБ., 1991

Насны ой тэмдэглэх уламжлалт ёс

Хүний амьдралд маш олон баярт мөч тохиолддогийн нэг нь айл гэрт бүл нэмж хүний ховорхон заяаг олж мэндэлсэн шинэ үрийн насны ой, хөдөлмөр ажлын амжилт гарган төр, түмэн олон, үр хүүхдүүддээ хүндлэгдсэн аав ээж (ах, эгч)-ийн насны ой байдаг.

Хүүхдийн насны ойг тэмдэглэх уламжлалт Монгол ёс нь одоогийн бидний хийдэг төрсөн өдөр тэмдэглэхээс өөр өвөрмөц шинжтэй юм. Монголчууд хүүхдийг эхийн хэвлийд олдсон үеэс эхлээд эхээс төрөх хүртлээ нэг нас элээдэг гэж үзэн түүнийг “хий нас” гэдэг. Иймээс эхээс төрсөн дор нэг настай гэж үзээд одоогийнхоор нэг ойндоо хүрэхэд хоёр настай боллоо гэж тооцдог уламжлалтай байсан. Монголчууд хүүхдийн насны ойг эхээс төрөөд бүтэн жил болсны ойн дээр тэмдэглэдэг, харин жил бүр төрсөн өдрийн баяр хийдэггүй байжээ. Ер нь монголчуудын баяр цомхон байсан нь уламжлалт амьдралын хэв маягтай нь салшгүй холбоотой. Хүүхдээ хоёр нас хүрмэгц (хий настайгаа) цагаан идээгээр идээ засч ойр төрлийн ах дүү, айл саахалтаа цуглуулан будаалга хийдэг. Хүрэлцэн ирсэн хамгийн өндөр настай хүнээр ерөөл, бэлгэ дэмбэрэлийн үг хэлүүлдэг. Хүүхдийн насны ойгоор хүүхдэд өвөө эмээ, ах дүүс, ээж аавын анд нөхөд нь бэлэг өгч хишиг хүртээдэг уламжлалтай. Хөдөө орон нутагт ихэндээ бага насны халзан цагаан хонь, адуу зүслэн өгдөг ёс одоо ч хэвээр байна.

Хүүхдийн насны ойг тэмдэглэх үеэр томчууд бага зэрэг архи, эсэг цэгээ хэрэглэх боловч билиггүй муу үг хэлэх, элдэв маргаан гаргахыг хатуу цээрлэдэг. Хүүхдийн ойн ёслолыг өглөөний сааль зөрүүлсэний дараа эхлээд оройн сааль эхлэхийн өмнө төгсгөдөг байна.

Монголчуудын уламжлалт заншлаар дал, наян тав, ерэн насанд өндөр насны найр хийдэг харин хожим тавин наснаасаа эхлэн насны найр хийх болсон. Гэвч тавин насны найр нь ихэндээ албаны шинжтэй найр байдаг. Наян тав хүрэхэд зуны дэлгэр цагт айраг цэгээ исгэн найр хийх ба ерэн таван насанд ирэгний сүүл хувааж иддэг хэмээн хуучны үг байдаг. Ойн найрыг үр хүүхэд, садан төрөл, нутаг усныхныгаа урьж өргөн дэлгэр хийдэг. Өндөр насны найрыг албан болон, энгийн хоёр янзаар тэмдэглэх ба хамтруулан тэмдэглэх ч тохиолдол үзэгддэг. Албан ёсоор ёслох бол албан газрынхаа ёслолын өргөөнд суудал засч, идээ ундаа бэлтгээд зохион байгуулагчдын зүгээс уг хүний тухай даруухан танилцуулсаны дараа байгууллага хамт олон, мэргэжлийн нөхдөөс нь бэлгэдлийн үг хэлж бэлэг сэлт гардуулдаг. Ёслолын төгсгөлд найрын эзнээс хурсан олонд хариу талархал илэрхийлээд ёслолын цай хүртээдэг. Харин өөрийн гэрт тэмдэглэж байгаа бол ах дүү, үр хүүхдээс нь ёсны үг хэлж ёслолыг нээгээд үр ач нараас нь хадаг идээ барьсаны дараа хамт олноос нь үг хэлэн хундага дэвшүүлдэг байна. Найранд хүндэтгэлийн дуугаар ая барьж, ерөөл дэвшүүлж болдог. Тухайлбал, ямар ч насны ойд ялгалгүй дараах ерөөлийг хэлдэг.

  • Өнөөдөр болбоос
  • Өвгөн буурал аавын минь
  • Өлмий лянхуа батадхын
  • Өлзий хутаг оршсон
  • Өгөөмөр зохист эрин
  • Өтгөс их настнаа
  • Өргөн дээдэлж хүндэтгэдэг нь
  • Өргөн монголын жам
  • Өвч олны заншил
  • Өнөөгийн бидний баясгалан
  • Өсөх хойчист үлгэр
  • Өрнөн мандахын бэлэг
  • Өвлөж залгахын ерөөл
  • Өдгөө цагийн баяр
  • Өнөд үүрд мөнхрөх
  • Өлзий найрыг үүсгэе хэмээн насны найрыг нээдэг ажээ.
А.Ган-Эрдэнэ /АШУҮИС/