Эх сурвалж: Цахим хуудас эрхлэгч Зээрднүүд овогт Төмөрбаярын Батбаяр (Гэр бүл сонирхон судлаач)
 
"Эх хүний үрдээ өгөх анхны бөгөөд хамгийн сайхан бэлэг бол түүнийг хэвлийд байхад нь хүмүүжүүлэх явдал юм"

Жирэмсэн эхэд зориулсан зөвлөгөө

Бид өмнө нь ургийн тухай ойлголтыг таньд хүрэгсэн бол энэ удаад жирэмсэн эхчүүд өөрийн эрүүл мэндэд анхаарч, жирэмсний хяналтанд орж, түүнийг нарийн мөрдөснөөр хэвлий дэх ургаа хамгаалах, зөв бойжуулах, хүүхдийг төрсөн өдрөөс нь эхлэн эрүүл мэнд, өсөлт хөгжлийн талаарх тэмдэглэгээг сайн хийж эмч, сувилагч нартайгаа байнга зөвлөлдөж асуудлыг хамтран шийдвэрлэснээр таны үр удам элдэв өвчнөөс сэргийлэх, сэтгэхүйн хөгжил эрүүл мэндийн хувьд саруул өсч, бойжих үндэс бий болно.

Жирэмсэн эхчүүд баярлаж хөөрөх, айж сандрах нь амархан байдаг. Хэт чанга дуу чимээ, хэрүүл маргаан, сэтгэл санаа тайван бус, хүүхэдтэйгээ харьцаж чадахгүй, цухалдангуй гэх мэт олон сөрөг асуудлууд нь урагт буюу хүүхдэд муугаар нөлөөлдөгийг эрдэмтэд тогтоосон байдгыг бид сайн мэдэх билээ. Энэ мэт урагт муугаар нөлөөлөх үзэгдэл нь Монгол улсын өнөөгийн нийгэмд, тэр дундаа залуучууд, залуу гэр бүлийн дунд элбэгших хандлага байгааг анхаарах нь чухал юм. Иймээс овог удмаа сайжруулах, үр хүүхдээ зөв хүн болгож хүмүүжүүлэх явдал нь эхийн хэвлийд бий болсон ургаас эхлэнэ гэдгийг залуу хосууд маань ойлгох хэрэгтэй. Жирэмсэн эхчүүд маань сэтгэл санаагаа тайван байлгаж, эрүүл мэндийн хувьд дараах зөвлөгөөнүүдийг мөрдөх нь таньд буюу таны хүүхэд, таны овог удамд тустай юм.