Хүүхдийн угаалга хийх, нэр өгөх ёсон
Монголчуудын хүүхдэд нэр өгөх, угаалга үйлдэх нь маш нарийн дэг жаягтай. Шинэ гарсан хүүхдийн угаалгыг эхийн бие тэнхэрсний дараа буюу хүүхэд гарснаас хойш 7-15 хоногийн дараа хийдэг. Хүүхдээ угаалга хийх өдрийн өглөө эрт босоод гэр орноо янзлаад тавгийн идээгээ засаж бэлдчихээд үд болмогц айл саахалт, төрөл садныхнаа урьж зална. Ийнхүү залагдсан хүмүүсийн дотроос хамгийн ахмад настанг гэрийн хойморт суулгаад ирсэн зочдыг гэрийн баруун талд, өөрийн төрөл төрөгсдийг гэрийн зүүн талд суулгадаг. Ийнхүү суудлаа эзэлсний дараа шинэ хүндээ хэн гэж нэр өгөх талаар ярилцаж тэр хүүхдийн жил сар, өдрийн байдалд тохирсон, сонсголонтой, зөн билэгтэй нэрсийг цаасан дээр бичиж вааран дотор тараан хийж дээр нь будаагаар дүүргээд хадгаар савны амсарыг битүүлэн тавьдаг. Үүний дараа өвөг эцэг, эмэг эх, авсан эх гурав хамжин хүүхдээ унасан газрын урсгал усыг бүлээн цай, шөлтэй хольж угаадаг.
Хүүхдийг угааж өлгийдсөний дараа хамгийн ахмад хүн өнөөх ваарыг аваад хоёр гардан нар зөв эргүүлэн зөөлөн зайлахад цаасанд хуйлсан нэрсүүдээс түрүүлж гарч ирсэн нэрийг эцэг, эх хоёрын аль нэгээр авхуулан задалж тэнд бичигдсэн нэрийг хүүхдэд өгдөг.
Нэрийг хүүхдэд өгөхдөө эрэгтэй бол баруун чихэнд нь, эмэгтэй бол зүүн чихэнд нь нэрийг гурван удаа аяархан хэлээд улмаар өлгийтэй хүүхдээ дээр өргөж нэрийг нь бүх хүмүүст дуулдахаар гурван удаа хэлээд орон дээр нь тавьдаг. Ийнхүү хүүхдэд нэр өгөх, угаах ёслолын эхний хэсэг дуусдаг. Өвөг эцэг, эмэг эх, нагац нараас эхлээд шинэ хүнд өгөх бэлэг сэлтээ нэрлэн өргөж ерөөл тавьцгаана. Үүний дараа шинэ хүн мэндэлсний болон, угаалга, дуудах нэртэй болсны мялаалга, баярын цай зоог барина.
Угаалга цайллагыг хэтэрхий олон хүн цуглуулж хавтгайруулалгүйгээр цомхон хийх ба тэнд архидан согтуурах, хэтэрхий чанга дуулах шуугихыг зохимжгүй гэж үздэг. Ийнхүү төрсөн газрын усаар угаадаг учраас насан туршдаа “унасан газар, угаасан ус минь” хэмээн хүндэтгэн биширч түүнийгээ амь настайгаа дүйцүүлж явдаг нь эх оронч үзлийн том уг сурвалж болдог .