Ураг төрлийн нэрийн зүйл
Монголчууд ураг төрлийн хэлхээ холбоог хүний эш, ураг удам гэж хоёр ай бүлэг болгож эшинд эрэгтэйн, ураг удамд эмэгтэйн талыг хамааруулан хэлэлцдэг журам заншилтай билээ. Энд толилуулан бүхий ураг төрлийн нэр томъёоны зүйлийг хүний эшийн нэр, уг нэрсийн гарал үүслийн тухай тайлбар болгон хавсаргав.
Монголчууд “удам угсаагаа мэдэхгүй хүн ойд төөрсөн бич лугаа адил” хэмээн ярьдаг бөгөөд нөгөө талаас хүн бүр өөрийн уг үндэс, ураг төрлөө сайтар мэдэн, үр залгамждаа учир түүхийг нь зөв ухааруулдаг уламжлалтай билээ.
Манай ардын заншлаар хүний ураг нь ясан төрөл, цусан төрөл, махан төрөл гэж ялгагддаг бөгөөд эцгийн талыг “ясан”, эхийн талыг “цусан”, үр хүүхдээ “махан” төрөлд хамааруулдаг. “Ясан” төрлийн гол зангилгаа нь эцэг, “цусан” төрлийнх эх юм. Ясан төрлийн хажуу шугам авга, цусан төрлийнх нагац болно.
Төрөл. Эцгийн талын нэг овог угсааны ясан төрлийнхөн болно.
Садан. Эхийн талын нагац нар болон авга эгч нар хүргэд ба тэдний хүүхэд багтана.
Сүлбээ. Холын садан. Дам садан ч гэдэг. Эцэг эхийн төрөл садангаас холдуу өөр овгийн хамаатан болно. Худ, худгай гэж бэр богтлон авч, охиноо буулган өгсөн хоёр талынхан бие биендээ худ ураг бололцоно.
- Эцэг - Өөрийг төрүүлсэн хоёр ачтаны эрэгтэйг эцэг гэнэ. Мөн аав ч гэдэг.
- Хадам эцэг - Эхнэр, нөхөр хоёрын эцэг нь хоёр хосод харилцан хадам эцэг болно.
- Хойд эцэг - Эцгийн дараа эхтэй нь ханилсан нөхөр.
- Өргөсөн эцэг - Бас тэжээсэн эцэг гэдэг. Биеийг гэртээ өргөн авч үрчлээд өөрийн хүү (охин)-гээ болгосон эрэгтэйг өргөсөн эцэг буюу тэжээсэн эцэг гэнэ.
- Хөхөлт эцэг - Хөхүүлсэн эхтэй адил.
- Мөргүүлсэн эцэг - Бэр буулгахад хүүхний үсийг хагалсан ивээл жилтэй эмэгтэйн нөхрийг хэлнэ.
- Хуурай эцэг - Бас шургуулсан эцэг ч гэдэг. Ямар нэгэн шалтгаанаар хүүхэд тогтохгүйгээс олон хүүхэдтэй хүний хормой доор шургуулах, түшиж тулах хүнгүй (хөрөнгөгүй) буюу ядуучууд халуун элэгтэнг олж түших, зорьсон хүслийг биелүүлэхийн төлөө баян, ноён хүнийг түших зэрэг бусад овог угсааны хүнд хадаг талбин мөргөж эцэг болгосныг хуурай эцэг гэнэ. Хуурай эцгийн гэргийг хуурай эх гэнэ.
- Эх - Өөрийг нь төрүүлсэн эмэгтэй хүн. Ээж, мөөм, эм (эх гэсэн манж үг), эцэг эх гэдэг үгийн эх.
- Хадам эх - Эр, эм хоёрын эрийн эх эмд, эмийн эх эрд харилцан хадам эх болно. Энэхүү яс махны төрөл саднаас гадна бас сүлбээ болох эхийн дуудлага олон бий.
- Хойт эх - Эхийн дараа эцгийн хууль ёсоор урагласан эмэгтэй.
- Өргөлт эх - Бас тэжээсэн эх гэдэг. Биеийг гэртээ өргөн авч үрчлээд өөрийн хүү (охин)-гээ болгосон эмэгтэйг өргөлт эх буюу тэжээсэн эх гэнэ.
- Хөхөлт эх - Нялх үед эхийн сүү дутагдсанаас буюу эсвэл ямар нэгэн шалтгаанаас бусдын бүсгүйг залж хөхүүлж өсгөсөн тэр эхнэрийг хөхөлт эх гэнэ. Хөхөлт эхийн эрийг хөхөлт эцэг гэнэ.
- Мөргүүлсэн эх - Охин ураглаж үс хагалан гэзэг эвхэх үе, хар цагаан үр тэгш (хүү, охин бүрэн) ивээл жилтэй эмэгтэйг залж үсээ хагалуулаад эх болгодог. Энэ эмэгтэйг мөргүүлсэн эх гэдэг.
- Хуурай эх - Эцгийн тайлбар дахь хуурай эцэг хэсгийг харна уу.
- Өвөг - Эцгийн эцэг болой.
- Хадам өвөг - Хадам эцгийнхээ эцгийг эхнэр, нөхөр хоёр харилцан хадам өвөг гэнэ. Энэхүү яс махны хэлхээнээс гадна бас сүлбээ болох дуудлага бий.
- Хойт өвөг - Өвгийн дараа эмэгтэй хууль ёсоор ураглан суусан нөхөр.
- Хөхөлт өвөг - Эцгийг хөхүүлж өсгөсөн эхийн нөхрийг хөхөлт өвөг гэнэ.
- Мөргүүлсэн өвөг - Эхийн мөргүүлсэн эхийн нөхрийг хэлнэ.
- Өргөлт өвөг - Эцгийн өргөлт эцгийг өргөлт өвөг гэнэ.
- Хуурай өвөг - Эцэг эхийн хуурай эцгийг хуурай өвөг гэнэ.
- Элэнц өвөг - Эцгийн өвгийг элэнц өвөг гэнэ. Элэнц хэмээх үгтэй эцэг гэдэг нэр нийлж элэнцэг хэмээх үг үүсжээ. Эл хан Өлзийтийн 1305 оны бичигт элэнцэг гэж буй. Мөн XIV зууны эхэн үед зохиогдсон судрын чуулганд “элэнцэг” гэж бичжээ. Ойр үеэс хүмүүс элэнцээ үзэх нь ховордсоноор элэнцээс дээших үе дуудлага (хадам элэнц өвөг, хойт элэнц өвөг, өргөлт элэнц өвөг ... гэх мэт) нь ч цөөхөн дурдагдах болжээ. Гэвч энэхүү үе дуудлага нь нэгэнт өндөр өвөг хүртэл тогтож хэвшжээ. Үүнийг мэдсэний суурь дээр бид тэр бүхнийг бичихгүй, гагцхүү махан төрлөө гол болгож, өвөг дээдэс хүртэл доор танилцуулъя.
- Хуланц өвөг - Өвгийн өвгийг хуланц өвөг гэнэ. Өөрөөр хэлбэл хуланц элэнцгийн эцэг, биеийн дөрөвдэх дээд үе. Үг хураагдах ёсны дагуу хулан, эцэг гэдэг хоёр үг хоршин нийлж хуланцаг хэмээх нэр үүсчээ. Бичигт гол төлөв хуланц хэмээн тэмдэглэгдэж, ам ярианд хуланцаг хэмээх боловч Хувилай хааны үед зохиогдож VI зууны үед Ордосын хутагтай сэцэн хун тайжийн засварлан уламжилсан “Дөрвөн төрийн арван буянт номын цагаан түүхэнд”: “хуланцэг” гэж бичжээ.
- Элэн өвөг - Элэнц өвгийн өвгийг элэн өвөг гэнэ.
- Хулан өвөг - Хуланц өвгийн өвгийг хулан өвөг гэнэ.
- Холбоо өвөг - Элэн өвгийн өвгийг хэлнэ.
- Өндөр өвөг - Хулан өвгийн өвгийг хэлнэ.
- Өвөг дээдэс - Яс махны төрөл угсааг үүсгэсэн дээд үеийн хүнийг хэлнэ.
- Бие - Өөрийг зааж буй. Дээш, доош арван есөн үеийн дундахь үе.
- Бэр - Өөртэй хууль ёсоор гэрлэсэн бусад овгийн эмэгтэйг бэр гэнэ. Бэр гэдэг үгэнд өөрт буулгасан эмэгтэй гэсэн гол утга байхаас гадна бас өөрөөс дооших олон үеийн хууль ёсоор хуримлаж авчирсан өөр овгийн охидыг заасан бас нэг утга бий. Жишээлбэл: бэр, дүү бэр, хүү бэр, жилийхүй бэр, талийхүй бэр гэх мэт.
- Хүү - Өөрөөс төрсөн хүүхдийн эрэгтэйг хүү гэх, эмэгтэйг нь охин гэнэ.
- Хүү бэр - Хүүд хууль ёсоор хуримлаж авсан бусад овгийн эмэгтэйг хүү бэр гэнэ.
- Ач хүү - Бас омбол гэдэг. Хүүгийн хүүг ач хүү гэнэ. Очи (ач) гэдэгт гал голомтыг сахин сэргээх гэсэн утгатай. Бэр (ач бэр) очи хүүд хууль ёсоор хуримлаж буулгасан бусад овгийн эмэгтэйг очи (омбол) бэр гэнэ.
- Жич хүү - Бас томбол гэдэг. Очи хүүгийн хүүг жич (томбол) хүү гэнэ.
- Жич бэр - Жич хүүд хууль ёсоор хуримласан бусад овгийн эмэгтэйг жич (томбол) бэр гэнэ.
- Гуч хүү - Жич хүүгийн хүүг гуч хүү гэнэ.
- Гуч бэр - Гуч хүүд хууль ёсоор хуримлан буулгасан бусад овгийн эмэгтэйг гуч бэр гэнэ.
- Жичинцэр хүү - Гучаас төрсөн хүүг жичинцэр хүү гэнэ.
- Жичинцэр бэр - Жичинцэр хүүд хууль ёсоор хуримлан буулгасан бусад овгийн эмэгтэйг жичинцэр бэр гэнэ.
- Гучинцар хүү - Жичинцэр хүү бэрээс төрсөн хүүг гучинцар хүү гэнэ.
- Гучинцар бэр - Гучинцар хүүд хууль ёсоор хуримлан буулгасан бусад овгийн эмэгтэйг гучинцар бэр гэнэ.
- Жихүй хүү - Гучинцар хүү бэрээс төрсөн хүүг жихүй хүү гэнэ.
- Жихүй бэр - Жихүй хүүд хууль ёсоор хуримлан буулгасан бусад овгийн эмэгтэйг жихүй бэр гэнэ.
- Жилийхүй хүү - Жихүй хүү бэрээс төрсөн хүүг жилийхүй хүү гэнэ.
- Жилийхүй бэр - Жилийхүй хүүд хууль ёсоор хуримлан буулгасан бусад овгийн эмэгтэйг жилийхүй бэр гэнэ.
- Талийхуй хүү - Жилийхүй хүүгээс төрсөн хүүг талийхуй хүү гэнэ.
- Талийхуй бэр - Талийхуй хүүд хууль ёсоор хуримлан буулгасан бусад овгийн эмэгтэйг талийхуй бэр гэнэ.
- Бие - Өөрийг зааж буй. Дээш, доош арван есөн үеийн дундахь үе.
- Ах - Нэг эхээс төрсөн (эсвэл эцэг нэгтэй эх өөр буюу эх нэгтэй эцэг өөр) биеэс насаар их эрэгтэйг ах гэнэ.
- Төрсөн ах - Нэг эцэг эхээс төрсөн биеэс насаар их эрэгтэйг төрсөн ах гэнэ. Энэхүү гол төрлийн ах дүүгээс гадна бас олон ах дүү бий. Хадам ах, гэрийн ах, журмын ах, цусаа ууж андгайлсан өөр овгийн анд гэх мэт.
- Энгийн ах - Айл аймаг, танил дасал болсон өөрөөс насаар их эрэгтэйг хэлнэ.
- Бэргэн - Ахын гэргийг хэлнэ. Ахын бүсгүй гэсэн гол утгатай бөгөөд нөгөө талаас өөрий биеэс дээших бусад овгоос буулган авсан эмэгтэйчүүдийн нийт дундын дуудлага. Жишээлбэл: бэргэн, авга бэргэн, авга бэргэн эх, аваг эх гэж дууддаг.
- Авга - Эцэгтэй хэвэл нэгтэн ах дүү болно. Эцэгтэй нэг эхээс төрсөн ах дүү үеийнхэн гэсэн гол утгатай бөгөөд эцгээс насаар ихийг нь их авга, насаар багыг нь бага авга гэнэ. Хэрвээ хэд хэдэн их буюу бага авгатай бол тэд нарыг хооронд нь бие байдал, зүс өнгө, зан ааль зэргээр ялган дууддаг. Жишээлбэл: гуравдугаар бага авга, өндөр авга, ширэн авга, намхан авга гэх мэт.
- Авга бэргэн - Авгын эхнэрийг хэлнэ.
- Авга эгч - Эцэгтэй эх нэгтэй эмэгтэйг авга эгч гэнэ.
- Авга хүргэн ах - Авга эгчтэй хууль ёсоор хуримласан эрэгтэй хүн буюу аавын үеийн хүнийг хэлнэ.
- Авга эцэг - Өвөөгийн төрсөн ах дүү болон эцгийн төрлийн ахмад хүнийг хэлнэ.
- Авга эх - Авга эцгийн гэргийг хэлнэ.
- Авга өвөг - Элэнц өвгийн төрсөн ах дүүс болно.
- Авга эмэг - Авга өвгийн гэргийг хэлнэ.
- Авга элэнц өвөг - Хуланц өвгийн төрсөн ах дүүс.
- Авга элэнц эмэг - Авга элэнц өвгийн гэргийг хэлнэ.
- Авга хуланц өвөг - Элэн өвгийн төрсөн ах дүүс. Авгаас дөрвөн үе дээр болно.
- Авга хуланц эмэг - Авга хуланц өвгийн гэргийг хэлнэ.
- Авга элэн өвөг - Хулан өвгийн төрсөн ах дүүс бөгөөд авгаас таван үе дээр болно.
- Авга элэн эмэг - Авга элэн өвгийн гэргийг хэлнэ.
- Авга хулан өвөг - Холбоо өвгийн төрсөн ах дүүс бөгөөд авгаас зургаан үе дээр болно.
- Авга хулан эмэг - Авга хулан өвгийн гэргийг хэлнэ.
- Авга холбоо өвөг - Өндөр өвгийн төрсөн ах дүүс бөгөөд авгаас долоон үе дээр болно.
- Авга холбоо эмэг - Авга холбоо өвгийн гэргийг хэлнэ.
- Авга өндөр өвөг - Уг дээдэстэй төрсөн ах дүү бололцох бөгөөд авгаас найман үе дээр болно.
- Авга өндөр эмэг - Авга өндөр өвгийн гэргийг хэлэх бөгөөд авгаас найман үе дээр болно.
- Нагац - Эхтэй хүй нэгтэй хүнийг хэлнэ. Мөн авгатай адил эхийн талын дээд нэгэн үеийг заасан нэрийдэл бөгөөд эцгээс насаар ихийг нь их нагац, насаар багыг нь бага нагац гэнэ. Хэрвээ хэд хэдэн их буюу бага нагацтай бол тэд нарыг хооронд нь бие байдал, зүс өнгө, зан ааль зэргээр ялган дуудна.
- Нагац бэргэн - Нагацтай хууль ёсоор хуримлан суусан хүн бөгөөд эхийн бэргэн болно.
- Нагац аав - Эхийн эцгийг хэлнэ.
- Нагац эх - Эхийн эхийг хэлнэ.
- Нагац өвөг - Эхийн өвгийг хэлнэ.
- Нагац эмэг - Эхийн эмэг эхийг хэлнэ.
- Нагац эгч - Эхийн эгч буюу охин дүүг хэлнэ.
- Нагац хүргэн ах - Нагац эгчийн нөхөр буюу эхийн дүү хүргэн.
- Дүү - Эх нэгтэй буюу биеэс насаар бага хүнийг дүү гэнэ.
- Төрсөн дүү - Эцэг эх нэгтэй буюу эсвэл эцэг нэгтэй эх өөртэй өөрөөс насаар бага хүнийг төрсөн дүү гэнэ.
- Дүү бэр - Эх нэгтэй эрэгтэй дүүгийн хуримлан буулгасан бусад овгийн эмэгтэйг хэлнэ.
- Үеэл ах - Өвөг нэгтэй ах дүү буюу ах дүү хоёрын хүүхэд хоорондоо үеэл ах дүү болно.
- Үеэл бэргэд - Үеэл хүүхэдтэй гэрлэсэн бусад овгийн эмэгтэйг хэлнэ.
- Хаяал ах дүү - Элэнц нэгтэй ах дүү буюу үеэл ах дүүгийн хүүхдүүд хоорондоо хаяал ах дүү бололцоно.
- Хаяал бэргэд - Хаяал хөвгүүдэд хууль ёсоор хуримласан бусад овгийн эмэгтэйчүүдийг хэлнэ.
- Үе ах дүү - Хуланц нэгтэй ах дүүс буюу хаяал ах дүүгийн хүүхдүүд хоорондоо үе ах дүүс бололцоно.
- Үе бэргэд - Үе хөвгүүдтэй хууль ёсоор гэрлэсэн бусад овгийн эмэгтэйчүүдийг хэлнэ.
- Хая ах дүү - Элэн өвөг нэгтэй ах дүү буюу үе ах дүүгийн хүүхдүүд хоорондоо хая ах дүү бололцоно.
- Хая бэргэд - Хая хөвгүүдтэй хууль ёсоор гэрлэсэн бусад овгийн эмэгтэйчүүдийг хэлнэ.
- Үенцэр ах дүү - Хулан өвөг нэгтэй ах дүү буюу хая ах дүүгийн хүүхдүүд хоорондоо үенцэр ах дүү бололцоно.
- Үенцэр бэргэд - Үенцэр хөвгүүдтэй хууль ёсоор гэрлэсэн бусад овгийн эмэгтэйчүүдийг хэлнэ.
- Хаянцар ах дүү - Холбоо өвөг нэгтэй ах дүү буюу үенцэр ах дүүгийн хүүхдүүд хоорондоо хаянцар ах дүү бололцоно.
- Хаянцар бэргэд - Хаянцар хөвгүүдтэй хууль ёсоор гэрлэсэн бусад овгийн эмэгтэйчүүдийг хэлнэ.
- Төрлийн ах дүү - Өндөр өвөг нэгтэй ах дүү буюу хаянцар ах дүүгийн хүүхдүүд хоорондоо төрлийн ах дүү бололцоно.
- Төрлийн бэргэд - Төрлийн хөвгүүдтэй хууль ёсоор гэрлэсэн бусад овгийн эмэгтэйчүүдийг хэлнэ.
- Аймгийн ах дүү - Уг дээдэс нэгтэй ах дүүс буюу төрлийн ах дүү нарын хүүхдүүд хоорондоо аймгийн ах дүү бололцоно.
- Аймгийн бэргэд - Аймгийн хүүхдүүдтэй хууль ёсоор гэрлэсэн бусад овгийн эмэгтэйчүүдийг хэлэх бөгөөд хол төрлийн бэргэд болно.
- Үеэл ах дүү - Ах дүү хоёрын хүүхэд хоорондоо үеэл ах дүү (эгч, охин дүү) гэж дуудалцана. Овог нэгтэн.
- Бүл ах дүү - Эгч, охин дүү хоёрын хүүхэд хоорондоо бүл ах дүү (эгч, охин дүү) гэж дуудалцана. Бусад овогтон.
- Нага (дагар) - Ах, охин дүү буюу эсвэл эгч, хүү дүү хоёрын хүүхэд хоорондоо нага ах дүү гэж дуудалцана. Нага гэдэг нь нэг үеийн хүүхэд хоорондоо дуудалцсан ижил үеэ үзүүлсэн дуудлага байлаа. Хожим энэ үг нь нагац гэдэг үгтэй хутгалдаад яваандаа нагац гэдэг үгийг орлож нага аав, нага ээж гэж дуудсаар сунжирчээ. Монгол дуудлагаар ёсчлон дуудвал энэ хоёр үгийг ялгааг мэдэж болно. Монголын төрөл угсааны дуудлага “авга, нага” гэдэг хоёр үг нэг үеийг заадаг. Жишээлбэл: эхийн ах, бэргэн буюу дүү, дүү бэр өөрт нагац ах, нагац бэргэн гэж дуудагдана. Энэ нь нагац гэдэг үгийн дээр нэг үеийг зааж буй. Гэтэл нага гэдэг нь тэрхүү нэгэн үеийг зааж үл чадна. Дагар гэдэг үг нь дагурчуудын хүү, зээ, ах дүүгээ харилцан дуудах дуудлага. Мөн тэр хавийн зарим монголчууд бас ингэж дуудалцдаг. Гэвч энэ нь тун бага юм. Бүл гэдэг нь эгч, охин дүү хоёрын хүүхэд хоорондоо харилцан дуудалцдаг дуудлага.
- Наганцар (нагын хүүхэд) - Бие ба эгч (охин дүү) нарын хоёрдугаар үеийн хүүхэд, мөн нага ах дүүгийн хүүхэд хоорондоо нагац ах дүүс болно.
- Бүлэнцэр - Бие, бүлийн хүүхдүүдийг бүлэнцэр гэж дуудах ба бүл ах дүүс хоорондоо бүлэнцэр ах дүү болно.
- Ач - Ах буюу эрэгтэй дүүгийн хүүхэд өөрт ач хүү болно. Энэ үг нь удам угсааны ач салаа үе гарал гэсэн утгатай.
- Ач бэр - Ач хүүтэй гэрлэсэн өөр овгийн эмэгтэйг хэлнэ.
- Ачинцар - Ач хүүгийн хүү, өөрийн ахын ач хүү.
- Ачинцар бэр - Ачинцар хүүтэй гэрлэсэн бэр.
- Зээ - Эгч ба охин дүүгийн хүүхэд, өөрт зээ болно.
- Зээ бэр - Зээ хүүд ёслож буулгасан бэр.
- Зээнцэр - Зээ хүүгийн хүү, өөрийн эгч буюу охин дүүгийн хүү болно.
- Баз - Эгч, охин дүү хоёрын нөхөр биесээ баз гэнэ. Бас гуя баз гэх ч бий.
- Авьсан ажин - Ах дүү хоёрын эхнэрүүд хоорондоо авьсан ажин бололцох бөгөөд авьсан нь ахын гэргий, ажин нь дүүгийн гэргий болно.
- Хүр дүү - Эхнэр(Нөхөр)-ийн эрэгтэй дүү.
- Хүр дүү бэр - Эхнэр(Нөхөр)-ийн дүүгийн эхнэр.
- Хүр охин дүү - Эхнэр(Нөхөр)-ийн охин дүү.
- Хүр хүргэн дүү - Эхнэр(Нөхөр)-ийн охин дүүгийн нөхөр.