Цус ойртолт

Нэгэн гэр бүл болж ураг холбосон эцэг, эхээс заяасан генийн сангийн тодорхой хувиар хоорондоо ахан дүүсийн төрлийн холбоотой буюу өөрөөр хэлбэл энэхүү ахан дүүсийн төрлийн холбоо бүрэн арилж хоорондоо цэвэр "хар элэгтэй" болоогүй хүмүүсийн гэрлэлтийг цус ойртсон гэрлэлт буюу товчоор цус ойртолт хэмээн нэрлэдэг. Генийн сангийн тодорхой хувиар төрлийн холбоотой дор дурьдсан хүрээний цус ойртсон гэрлэлтүүд хүн амын дотор илэрдэг. Тухайлбал:
  • Нэгэн эцэг, эхээс үүсэлтэй ахан дүүсийн үр удмууд хоорондоо гэрлэх
  • Эцгийн, эсвэл эхийн талаар төрлийн холбоо бүрэн арилаагүй хүмүүс хоорондоо гэрлэх
  • Эцгийн эцэг эх, эхийн эцэг эхийн талаар төрлийн холбоо бүрэн арилаагүй хүмүүс хоорондоо гэрлэх
зэрэг болно.
Хүн амын хөдөлгөөнийг тэтгэх дэд бүтэц сайтар хөгжөөгүй, газарзүйн байршлаар хоорондоо алслагдмал хэтэрхий сийрэг нягтралтай (суурьшилтай) засаг захиргааны хэт жижгэрсэн бүтэцтэй нөхцөлд нэг нутаг усныхан олон үе удам дамнан хоорондоо гэрлэх явдал давамгайлдаг. Үүний үр дүнд газарзүйн зай, засаг захиргааны удирдлага, үйлчилгээний хязгаарлагдмал хүрээнд баригдсан, нутаг усны хараа бараа, танил талын хүрээнд хүлэгдмэл гэрлэлтийн бүр жижгэрсэн бүлэглэлүүд үүсдэг жамтай. Энэ үзэгдэл нь хүн амын дотор алсуур цус ойртолтыг нөхцөлдүүлдэг ба энэ нь шууд цус ойртолтод нэмэлт нэрмээс болдог учиртай.
Цус ойртох үзэгдэл нь хүн амын дотор олон үе удмын турш үл анзаарагдах байдлаар явагддаг генетик процес юм. Хувь хүн болон нийт хүн амын генийн (удмын) санд цус ойртсон гэрлэлтээр хүний биологийн төрөлхийн хэвийн шинж чанаруудыг доройтуулдаг, элдэв удамшлын согог үүсгэдэг, амьдрах чадварыг хөнөөдөг олон генүүд хоорондоо ижилсэж үйл ажиллагаа нь шууд илрэх боломж бүрддэг. Энэ бол хүний генетикийн шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл юм. Цус ойртолтын түвшин хүн амын дотор хэт ихсэх нь дор дурьдсан уршигт үр дагварыг бий болгоно. Тухайбал:
  • Хүний оюун ухаан, сэтгэхүй чадвахын түвшин буурах
  • Оюуны хөнгөн болон гүнзгий хомосдолтой төрөх хүүхдийн тоо өсөх
  • Удамшлын өвчин болон төрөлхийн согогтой төрөх хүүхдийн тоо өсөх
  • Хүний өвчин эсэргүүцэх дархлааны түвшин буурах, бие бялдрын өсөлт давжаарах
  • Аминчхан буюу амиа аргацаах сэтгэлгээт хүмүүсийн хүн амын дотор эзлэх хувь байнга нэмэгдэх
Хүн төрөлхтний нийгмийн амьдралын хөгжлийн янз бүрийн шатанд цус ойртолтоос хамгаалах арга замыг аливаа ястан, угсаатан, үндэстэн өөр өөрийн онцлогт тохируулан сонгож хэрэглэсээр ирсэн түүхэн уламжлал байдаг. Цус ойртолтоос хамгаалахад дор дурьдсан нийтлэг арга замыг хэрэглэдэг. Тухайлбал:
  • Овог хэрэглэх. Хүний генетикийн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл овог гэдэг бол генийн сангаараа ураг төрлийн нэг язгуурт өрх, хүмүүсийн нэгдэл юм. Овог доторх хүмүүс хоорондоо генийн сангаараа тодорхой түвшний төрлийн холбоотой байдаг. Овог дотроо үл гэрлэх зарчим үүнтэй холбоотой. Энэ зарчим хүний нийгэмд түгээмэл хэрэглээтэй байснаа хөгжлийн явцад бараг бүрэн халагдах болсон нь олон шалтгаантай.
  • Гэрийн ургийн бичиг хөтлөх. Хүний нийгмийн хөгжлийн жам ёсоор овгийн байгуулал задарсан явдал гэрийн ургийн бичиг хөтлөх зайлшгүй хэрэгцээг бий болгосон хэрэг. Энэ хоёр арга бол хүн амын дотор шууд цус ойртолтоос хамгаалдаг арга.
  • Хүн амын хөдөлгөөнийг тэтгэх. Хүн амын идэвхтэй шилжилт хөдөлгөөнийг тэтгэх дэд бүтэц, хольцолдол, сууршилтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх замаар хүн амыг алсуур цус ойртолтоос хамгаалдаг. Энэ нь улс орны хөгжлийн бодлогод төрийн бодлогоор далд суулган хэрэгжүүлдэг арга зам юм.