Онгон үс

Хүүхдийн толгойд байдаг хэдэн улаан үс юмуу хэдэн цагаан үсийг онгон үс хэмээнэ.

Монголчууд тийм үсийг онгон гэхээс гадна хорхой, сүлд, өлзий, сүүн, сахиус, туг, өвөг, шид үс гэж нэрлэдэг билээ. Онгон үсийг өлзий буяны тэмдэг гэдэг. Онгон үсийг зулгааж болдоггүй. Өлзий буян харина гэдэг. Зарим эх анх хүүхдээ хөхүүлэхдээ хүүхдийнхээ зулай дээр сүүгээ дусаагаадахсан чинь тэр цагаан буюу улаан үс ургасан гэж ярьдаг. Тэр бол гал уураг сүү дусаасны тэмдэг ажээ. Онгон үс бол урт насалж, удаан жаргахын бэлгэдэл юм.

Заримдаа онгон үсийг урьд насны тэмдэг сүнс гэдэг. "Хүү минь чи, ээжийн минь сүнс юм шүү. Ээжийгээ нас барахад тэргүүнд нь эрхий дарам газар сүүгээ дусааж “охиндоо үр болон дахин төрөөрэй” гэж тэмдэг тавьсан юм. Тэр ёсоор ээж минь надад эргэн төрж сүнс нь ирсэн юм" гэдэг.

Онгон үсэндээ малгай буюу алчуур, бүс юмуу сахиусаас өөр юм хүргэдэггүй заншилтай. Ялангуяа холын буюу танихгүй хүний гар хүргүүлдэггүй.