Түүхэн ач холбогдол
Монголын ард түмний бүтээсэн түүх соёлын нэгэн уламжлал бол удам судар, ах дүү, үндэс угсаагаа мэдэх үйл байжээ. Ахан дүүгээ мэдэж таних ёсыг баримтлан журамлан хүндлэх нь ухаант хүний үйлдэн дээдлэх үйлийн нэг бөгөөд монголчууд ургийн бичгийг өрхийн түүх болгон хөтөлж, залгамж үедээ өвлүүлэн зааж сурган иржээ. Энэ нь ах дүү, төрөл саднаа мэдэн гал голомт, өмч хөрөнгөө хэндээ уламжлуулах, ах зах, эгч дүүгээ хэрхэн хүндлэх, удам угсаагаа хэвийн цэвэр ариун байлгах олон асуудлыг шийддэг айл өрх бүрт заавал хөтлөдөг нэгэн түүхэн судар болжээ.
Өнөөдөр олон оронд тархаж суурьшсан, дэлхий дээр хамгийн олон хуваагдсан үндэстэн гэвэл Монголыг хэлэх байх. Европод халимаг, зүүн хойг ба төв Азид Буриадууд, Өвөрлөгчид, шинжаан уйгарын торгууд, Цастын монгол гэх мэт маш олон хуваагдсан байгаа энэ үед Монголоороо бахархах, Монголын овог удмын хөх толбот гарвал шинжээ хэвээр нь хадгалахыг хаана хаанаа эрхэмлэж ирсэн байна. Түүнийг бидний залуу үе мэдэж, хүндэлж, дээдэлж явах ёстой юм. Өвөг дээдсээс уламжилж ирсэн ёс, заншлыг одоо цаг үед хэрэглэх, баяжуулах, зарим нэгийг нь шинэчлэн өөрчлөх, дараа үедээ заах, сургаж өвлүүлэх ёстой юм. Тэгэхээр бид овог удмаа мэднэ гэдэг Монголчууд мөнхөд оршиж байгаагийн баталгаа юм.
Монголчууд удам угсаагаа мэдэхгүй байх нь ойд төөрсөн сармагчин мэт гэж ярьдаг. Энэ бол зүгээр нэг үг биш маш гүн утгатай хэлсэн цэцэн сургаал юм. Нөгөө талаар манай Монгол улсын төрийн бодлогод хүн амаа олон болгох, чанаржуулах, өсгөх, хүн ам зүйн үзэл баримтлал байгаа. Яагаад гэхээр Ази тивд олон хүн амтай томоохон хөршүүд байгааг бид сайн мэднэ. Хятад, Энэтхэг гэхэд тэрбум гарсан хүн амтай, Орос, Япон гэхчлэн зуун сая давсан хүн амтай андууд Азид зэрэгцэн оршиж байна. Ийм учраас хүн амаа олон болгох, өсгөх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд айл бүхэн хувь нэмрээ оруулах ёстой билээ. Таван хүүхэдтэй эхчүүдэд эхийн алдрын одон өгдөг байснаа дөрвөн хүүхэдтэй эхчүүдэд өгдөг болгож босгоо намсгасан нь хүн амаа олон болгох төрийн бодлогын хэрэгжилтийг дэмжиж байгаагийн шинж юм. Хүүхдэд мөнгөн тэтгэмж өгөхөөр шинэчлэлийн засгийн газар бодлогоо гаргав. Энэ нь хүн амын өсөлтийг дэмжих төрийн бодлого хэрэгжиж байгаа бас нэг хэлбэр юм.
Ургийн бичиг, удмын түүхээ хөтлөх нь өөрсдийн өвөг дээдэс, садан төрөл, тэдний ажил үйлс, амьдралын замналыг нь олж мэддэг. Тэгснээрээ хол, ойрын садан хүмүүс харилцан туслалцах, ядарснаа өргөн тэтгэх, ах захаа хүндэтгэх, баяр цэнгэл, уй гашуугаа хуваалцах зэргээр ах дүү, элгэн садны журмыг сахидаг байв. Ураг төрлийн дотроос хэн нэг нь тэрс хэрэг үйлдсэн бол удмын түүхэнд тодорхой тэмдэглэн үлдээдэг байжээ. Иймээс үеийн үед дамжин хадгалагдах удмын түүхэндээ хар толбо үлдээхгүйг хүн бүр хичээж, хэрэв ураг удмын дотроос ийм хүн гарвал "эцэг өвгөдийн ариун нэрийг бузарлав" хэмээн ихэд жигшидэг байсан бөгөөд нөгөө талаар энэ нь хүмүүжлийн асар их ач холбогдолыг өгдөг билээ.