Угтах, үдэх ёс

Зочин угтах, үдэх ёс нь уул зочдынхоо хүндийн эрэмбээр доорхи хэдэн зүйл болно.

Үүнд: Гэрийн эзэн нь зочноо

  • Гэр хашаа буюу албан байрныхаа гадаа үүдэнд гарч угтан үдэх
  • Зөвхөн гэр, өрөөнийхөө үүдэнд угтаж үдэх
  • Дотроос гаралгүй зөвхөн гэр, өрөөндөө босож угтаж үдэх
  • Гэр өрөөндөө суугаагаар угтаж үдэх зэрэг болно.

Тэгэхдээ эдгээрээс эхний хоёр янз нь биеэс ахмад буюу эрхэм хүнтэй учрахад ёслох бөгөөд сүүлийнхээр нь өөрөөс дүүмэд хүнд ёслоно. Ингэхдээ ахмад, дүүмэд гэдэгт нь гагц насны ялгавар бус албан тушаал, хүнд мэндийн зэрэг хамаарагдана.

Зочныг угтах үдэхэд ихэд дотно, аав ээж, ах, эгч нар нь үнсэж болно. Эцэг эх, ах, эгч нар нь хүүхэд дүү нарынхаа өрөөсөн хацрыг угтахад, нөгөөг нь үдэхэд үнсдэг. Анд нөхөд угтах ба үдэлцэхэд үнсэлцэж болох авч олны дунд ингэхийг нэг их таатай гэхгүй. Монгол эрчүүд хоорондоо үнсэлцэх нь бараг үгүй.

Хүү буюу дүүгээ ахмад нь үнсэж болно. Дүү хүн ахмадаа үнсэх нь төдийлэн үгүй. Тэрчлэн угтаж үдэх үед харилцан алга хавсарч мэхэсхийх, гар өргөн ёслох хийгээд гар барилцаж болно. Харин тэврэлцэх нь бараг үгүй.

Аав ээж, албаны эрхэм хүнийг угтахад өмнө дурдсан угтахын ёсыг таацуулан ёслоно. Энэ мэт эрхэм хүнийг үдэхдээ тусгай тогтосон газар асар байр бэлдэн ёслолын цай хүргэж гаргах буюу эсвэл анх угтсан газарт нь хүргэн үдэж болно. Тэгэж үдэхэд зочноос дүүмэд нь унаанаас буун мэхэсхийх ба Ye зэргийхэн нь унааны амыг татан бие бөхийж зогсон ёслоод, ахмад нь зам тавин гар өргөн үдэж болно. Эсвэл бүгд унаанаас буун мэхэс хийн ёслож үднэ. Зочныг ёслоход гэрийн эзэн нь гэрийн хувцастай байх буюу гийчнээсээ хэтэрхий гоёх нь зохимжгүй.

Угтаж үдэхэд хүлээж хүндлэх газар цай идээ бэлдэн ёслох ахуй тэр хүндээ бэлэг дэмбэрэл бодон идээнийхээ дээжийг барьдаг. Гэхдээ ирэх хүн эхлэн, явах хүн эцэст нь заавал цагаан идээ амсах ёстой гэдэг. Мөн явах хүн гэрт бол галын хажуугаар нар зөв тойрон зүүгээр гарч явах ёстой. Хэрэв угтах үед олон хүн цугларч найр үүсгэх аваас учрахын ерөөл хэлдэг. Үдэхэд ч бас Ялгалгүй аян замын ерөөл хэлээд одох хүндээ хадаг барьдаг заншилтай. Энэ үед ярих яриа бас л өвөрмөц байдаг.

Угтахад:

  • Аян замдаа алжаалгуй тавтай сайхан морилж ирэв үү?
  • Сайн явж ирэв үү?
  • Сайн явав уу?
  • Сайн явж ирэв үү?

Гэх буюу явсан хэргийн төрлөөр сургууль соёлд явсан хүнд:

  • Ном эрдэм их сурав уу?
  • Эрдэм ном өндөр үү?

Гэх, ажлаар явсан бол:

  • Явдал хэрэг сайхан бүтэв үү?
  • Ажил амжилттай бүтэв үү?
  • Ажил амжилттай юу?
  • Ажил бүтэв үү?

Гэх мэтээр асуухад ирсэн хүн бүгдийг сайн сайхнаар нь хариулдаг.

  • Явдал хэрэг сайхан бүтэв үү?
  • Ажил амжилттай бүтэв үү?
  • Ажил амжилттай юу?
  • Ажил бүтэв үү?

Үдэхэд:

  • Аян замдаа алжаалгүй тавтай сайхан морилоорой!
  • Алтан шар зам чинь өлзийтэй болтугай!
  • Аян замдаа амар сайн яваарай!
  • Сайн яваарай!

Гэхэд явж буй хүн нь хэлсэн хүн бүхэнд Сайн сууж байгаарай гэж хэлэх буюу нийтэд нь Бүгдээрээ сайн сууцгааж байгаарай, Баяртай гэдэг. /Х.Нямбуу, Өнөөгийн монгол ёс. УБ. 1976. х-156-157/